Т.НАНДИН-ЭРДЭНЭ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Талын салхи” мото фестиваль болж өнгөрлөө. Энэ үеэр “Монгол чопперчин ахан дүүсийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатартай ярилцлаа.
- “Талын салхи” мото фестиваль дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадмын онцлогоос дурдвал ?
- Энэ жил Ерөнхий сайдын ивээл доор НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан. “Талын салхи” мото фестивальд ОХУ-аас дамжин хойд хил нь нээлттэй байдаг учир Герман, Франц гэх мэт Европын холбооны бүх улсаас олон тамирчин ирдэг болсон. Москвагаас гэхэд 5000 км замыг туулан Монголд ирж байна. Мөн БНХАУ-ын аялал жуулчлалын болон Засгийн газрын комисстой хамтран хоёр удаагийн хэлэлцээрт орсны дараа Хятадын хилийг нээлгэж мотоцикльчдыг оруулж ирэх боломжийг нээж өгсөн. Ингэснээр ганцхан БНХАУ биш Тайвань, Тайланд, Хонконг, Вьетнам гээд Азийн өндөр хөгжилтэй орнуудаас хүмүүс ирлээ. Мотоцикльчид ирэхдээ Хятадын 16 муж, бүр Хайнань арлаас хүртэл Монголын мото фестивальд оролцохоор ирсэн байна. Бидний мэдэхгүй маш олон мужуудаас 3000,4000,5000 км замыг туулан ирээд байна. Ингээд Монголын мотоцикльчид нийлээд дээрээс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн тусгай хамгаалалттай мотоцикльтой, Европын 100 гаруй орны, Өмнөд Азийн 50 гаруй мотоцикльчид энэхүү наадамд оролцсон.
- Энэхүү фестивалийг зохион байгуулснаар ямар ач холбогдолтой юм?
-Ер нь амьдралын боломжтой, хоббидоо нэлээд мөнгө зардаг хүмүүс байдаг. Тодорхой хэмжээний аялал жуулчлалын талаар, бас иргэдийн амьдралд нөлөөлөхүйц мөнгө орж ирэх боломжтой гэж бид харж байна. Нэг долларын жуулчдаас илүү. Орж ирээд хоёр, гурван мянган ам.долларыг чөлөөтэй зарцуулчих боломжтой хүмүүс байгаа. Наадам зохион байгуулагдсанаараа дэлхийд монголчуудын тухай маш том мэдээллийг өгнө. Дээрээс нь Монгол улсын Ерөнхий сайд үүнд оролцсон нь дэлхий даяар л яригдаж байна. Тэгэхээр Монгол Улсыг зөв таниулан сурталчлах ажилд бид том хувь нэмэр оруулж байна.
- Олон улсад болдог ижил төрлийн наадмаас Монголд зохиогддог нь ямар онцлогтой вэ?
Европын холбооны улсад том фестиваль болдог. Хэдэн мянган мотоцикль оролцдог. Ази тивд Хятадын энд тэнд жижиг жижиг фестивалиуд болдог. Гарц нь юу юм гэхээр хойно ОХУ, урд БНХАУ байна. Энэ хоёр улсын голд Азийн төвд, АЗИ, Европ тивийг холбосон хамгийн том боломжит бүс нутаг бол Монгол улс. Энэ жилээс эхлээд анх удаагаа Ази тив буюу Хятадын хилийг нээлгэж чадлаа.
-Манай оронд ер нь энэ төрлийн спорт хэрхэн хөгжиж байна вэ?
-Манай улсад нэг сая гаруй мотоцикль байгаа. Гэхдээ үүнээс тусгай ангиллын буюу 600-гаас дээш мотортой хүнд, сонгодог ангиллын мотоцикль ойролцоогоор 500 орчим байдаг. Бид энэ жилээс аль нэг клуб холбоонд харьяалагдаагүй, бүртгэлгүй дан ганцаар оролцдог мотоцикльчдыг бусад үйл ажиллагаанд оролцуулаагүй. Яагаад гэхээр клуб, холбоонд харьяалагдсанаар тухайн мотоцикльчид замын хөдөлгөөний дүрэм, хотын соёл, дэг журам, эмх цэгц гэдэг зүйлийг маш сайн суралцдаг учир хэн дуртай нь гараад зам дээр давхиад байх биш сонирхлоороо нэгдээд хуваагдсанаар клубүүдээс маш том сургалтууд явагддаг учраас тухайн мотоцикльчин маш сайн суралцана.
-Клубүүдын хувьд тамирчдад ямар нэгэн шалгуур тавьдаг уу?
-Ерөнхийдөө хүнд ангиллын мотоциклийн шалгуур бол нас байдаг. Бид хэт залуучуудыг авдаггүй. 25-аас дээш насны залуусыг авдаг. Энэ бол сэтгэлзүйн хувьд тогтвортой болох нас. Маш их хүчтэй хурдтай мотоцикль унаж байгаа учир сэтгэлзүй тогтвортой болж амжаагүй байдаг бөгөөд өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгөд хохирол учруулах мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчих нөхцлийг бүрдүүлж өгдөг. 25-аас дээш настай болоод ирэхээр бид холбооны шугмаар маш олон сургалтыг зохион байгуулдаг. Тэрнээс өмнө бол хөнгөн ангиллын жижиг мотортой, жижиг мотоцикль эсвэл унадаг дугуйгаа унасан ч болно шүү дээ.
Эх сурвалж:www.polit.mn