А.ЦЭЭСҮРЭН

 

Дуучин Э.Амартүвшингийн мэргэжил нэгт гэргий Д.Туяатай ярилцлаа. Гэргийнхээ тухай Э.Амартүвшин нэгэн ярилцлагадаа “ Миний гаргаж буй амжилт, өнгөтэй өөдтэй яваа маань эхнэртэй минь холбоотой. Тэр хүний буянаар би өдий зэрэгтэй явна” гэж өгүүлсэн байсан.

-Хүмүүс таныг дуучин Э.Амартүвшингийн гэргий гэдгийг мэддэг. Гэхдээ ямар хүн бэ гэдгийг төдий­лөн сайн мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Туяа гэдэг. Би ДБЭТ-ын гоцлол дууч­наар 14 дэх жилдээ ажил­лаж байна. Алма ата хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Энэхүү мэргэж­лээрээ Итали улсад мэр­гэжил дээшлүүлсэн. Дуу­рийн олон дүр бүтээсэн.

-Тэдгээрээсээ амжилт гаргаж байсныг нь дурд­вал?

-Монголын хөгжмийн зохиолчдийн дуурийн ба­раг бүх эмэгтэй дүрүүдийг бүтээлээ. Монгол зо­хиолч­дын “Учиртай гурван толгой” дуурийн Нансал­маагийн дүрээр тэргүүн байр, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэм­жит уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан. Сонгодог бү­тээлүүдэд ч олон дүрийг бүтээсэн.

-Та хэзээнээс дуучин мэргэжлийг сонгох болсон бэ?

-Багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг бай­лаа. Дуу дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байсан. Би Булган айм­гийн хоёрдугаар арван жилийн сургуулийг төгс­сөн. Тэр үед Хөгжимт дра­мын театр гэж байгуу­лагд­сан юм. Очоод шал­гуулаад үзсэн тэнцчихдэг юм байна. Булганы театр­таа аравдугаар ангиа төг­сөөд, хоёр жил дуучнаар ажилласан. Тэгээд 1998 оноос ДБЭТ-т дуучнаар ажил­лаж эхэлсэн дээ.

-Таны хань Э.Амар­түвшин Плачидо Домин­гогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Энэ амжилтыг нь тангүйгээр төсөөлөхийн аргагүй байх?

-Хятадад тэмцээний турш 10 хоног хамт байсан. Бээжин хотод Э.Амар­түвшин зургадугаар сарын 1-нд, би 3-нд араас нь очсон. Тэр том тэм­цээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан. Тэмцээний үеэр монгол хүн махтай хоолоор хүч тэнхээгээ авдаг боло­хоор хоол ундыг нь бэлт­гэх, хувцсыг нь янзалж, эхнэр хүн юу л хийдэг түүнийг л хийсэн. Хань маань ч сай­хан амжилттай оролцсон.

-Айл гэрийн эзэн том амжилт гаргалаа. Эхнэр хүний хувьд та яаж хүлээж явсан бэ?

-Дэлхийд хамтарч дуул­даг гурван алдартай тенор тембртэй хүний нэг нь П.Доминго юм. Ал­дартай Испанийн дуурийн дуучны нэрэмжит энэ наа­дам үнэхээр гайхам­шиг­тай болсон. Хань маань байгалиас заяасан их сайхан тембртэй дуу­чин. Тэмцээнийг ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй хамт үзээд сууж байсан. “Нэгдүгээр байр Э.Амар­түвшин Moнголиа” гэж зарлахад хоёулаа хашги­раад, нулимс дуслуулж суулаа.

-Эмэгтэй хүн өр зөө­лөн­тэй. Та хэр амархан гомдож, уйлдаг вэ?

-Ер нь уян хүн шүү. Сэтгэл хөдөлгөсөн үед хэзээний л нулимс цийлэгнээд, уйлчихдаг. Хань маань харчихаад “Яаж байгаа юм бэ” гэдэг юм. /инээв/

-Өөрөө дуурийн дуучин хүн. Нөхөртэйгөө хамтарч уран бүтээл хийж байв уу?

-Э.Амартүвшин ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаад гурван жил бо­лох хугацаанд олон сайхан уран бүтээл дээр хамтарч ажилласан. Юндэн Нан­сал­маа, Юндэн Хоролмаа, “Ламбагуайн нулимс” зо­хиолын Цэрэнлхам, Лодон гэх мэт.

-Амьдралын ханьтай­гаа учирсан мөчүүд хам­гийн нандин байдаг. Нө­хөртэйгөө анх яаж танил­цаж байсан бэ?

-Бид хоёрын хувьд 10-аад насны зөрүүтэй. Анх О.Ичинхорлоо багшийн нэрэмжит тэмцээнд Э.Амар­түвшин хоёрдугаар байранд шалгарч байсан. Тэгэхэд маш сайхан хоо­лойтой дуучин гэж бодож байлаа. Анх тайзан дээ­рээс харж, дууг нь сонс­сон.Тэр үеэс хойш гурав дахь жилдээ хамт амьдарч байна. Мэдээж хамт ажилладаг учраас өдөр болгон л тааралддаг. Учрах тавилан байгаад бид учирсан байх.

-Насны ханиа сонго­ход эцэг эх, настангууд их нүдтэй байдаг шүү дээ.

-Манай ээж, аав хоёр маань бурхан болсон.  Ха­рин Э.Амартүвшингийн эцэг, эх биднийг дэмжиж, тусалж байдаг.

-Гэр бүлд гэргий хүний гүйцэтгэх үүргийн талаар таны бодол юу вэ. Урла­гийн хүн харьцангуй өөр ойлголттой байж болох юм?

-Айл  гэрт эмэгтэй хүний үүрэг их чухал, гол тулгуур нь болдог. Монгол эмэгтэй­чүү­дийг харахад их хүч чадалтай харагддаг. Гэх­дээ эрэгтэйчүүдийг хойш нь тавиагүй л дээ. Гэргий хүн ар гэрээ түвшин сай­хан авч явдаг. Эр нөхөртөө халамжтай, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлдэг байх хэрэгтэй гэж боддог.

-Эрэгтэй хүн ажил хийгээд, эмэгтэй хүн хүүх­дээ хараад, гэртээ суух ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Айл бүрийн амьдрал өөр байдаг шүү дээ. Заавал эрэгтэй хүн тэрийг, эмэг­тэй хүн энийг хийнэ гэх ёсгүй л дээ. Мөн жендэ­рийн тэгш эрх гээд барь­цаад байж болохгүй. На­майг завгүй байхад миний хань гэр орноо цэвэрлэх ч үе гардаг.

-Амьдрал л юм хойно гэр бүлд үл ойлголцол гарна. Та энэ үеийг хэрхэн шийддэг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Үл ойлголцох ауудал гарна. Насны зөрүүгээс ч болдог юм уу, үзэл бодлын ялгаа­наас ч болдог юм уу муу­далцах зүйл байна. Хоёу­лаа л бие биедээ амархан бууж өгөхийг хүсдэггүй. Гэхдээ удалгүй харилцан буулт хийгээд шийдчихдэг юм.

-Бусад айлын эхнэрүү­дээс та юугаараа онцлог бол?

-Айлын эхнэр хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Би бол бусдын л адил айлын гэргий  гэж бодож байна.

-Уран бүтээлч мэргэ­жилтэй гэргий хүн гэртээ байхаасаа илүү ажил дээ­рээ ихэнх цагийг өнгө­рөөдөг байх. Та гэртээ амрах үедээ юу хийх дур­тай  вэ?

-Уран бүтээлч хүн бо­лохоор зав гараад байх нь ховор. Гэртээ байх үедээ гэрээ цэвэрлэнэ. Телевиз үзэх л дуртай. Одоо бол Э.Амартүв­ши­нгийн мене­же­рийг хийдэг гэж хэлж болно. Гадаад, дотоод ха­рил­цааг нь зохи­цуулдаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манай ажил долоо хоногийн эхний хоёр өдөр амардаг. ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллахын ха­жуугаар “Опера” дуурийн дуулаачийн сургуульд баг­шилна. Өглөөний 10 цагт гараад, оройн 10 цагт л гэртээ орж ирнэ дээ.

-Гэр бүлийнхээ ойрын төлөвлөгөөнөөс хуваал­цаач?

-Бид хоёрын ойрын төлөвлөгөөнд  үр хүүхэд­тэй болох хүсэл байгаа. Миний хувьд бол сайн багш болох зорилго тавь­чихаад байна.