Т.НАНДИН-ЭРДЭНЭ
Монголд кино урлаг нэг үеэ бодоход нэлээд эрчимтэй хөгжиж байна. Үүний зэрэгцээ кино шүүмжийг хөгжлүүлэх нь чухал гэдгийг уран бүтээлчид онцолжээ. Тэгвэл Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ хэмээн асуултад экспертүүд хэрхэн хариулсныг хүргэж байна.
"Аргамжаа" киноны найруулагч, кино зохиолч Н.Уранчимэг: Энгийн хүмүүсээс мэргэжлийн шүүмжлэгчид ялгагдахгүй байна
-Намтарчилсан түүх бичдэг, захиалгаар бичдэг гэсэн хоёр бүлэгт Монголын кино урлаг явж ирсэн. Монголд кино шүүмжийн хөрс байна уу гэхээр байхгүй гэж бодож байна. Кино шүүмжийг хөгжүүлэхийн тулд дэмжих төрийн байгууллага байх хэрэгтэй. Энгийн хүмүүсээс мэргэжлийн шүүмжлэгчид ялгагдахгүй байна. Тиймээс мэргэжлийнхэн ялгагдаж өндөр түвшинд байх ёстой. Мөн үзэгчид тухайн киног нээж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт уран бүтээлчид нь бие биенийхээ бүтээлийг шүүмжилж зөв талаас нь бүтээлд хандах хэрэгтэй байна.
"Глоб Интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал: Хэлье гэснээ хэлье гэхдээ мэргэжлийн өндөр түвшинд хэлье
-Шүүмж гэдэг зөвхөн сөрөг зүйл бичих биш. Сөрөг зүйлээ бичихийн тулд түүнийгээ нотлох шаардлагатай. Эерэг зүйл бичсэн ч гэсэн яагаад магтаж байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Шүүмжлэгч мөхөлд орчихоод байгаа юм биш үү. Хүн бүр шүүмжлэгч болоод байна. Үзэгч шүүмжлэгч болсон тохиолдолд мэргэжлийн хүмүүс яаж хүлээн зөвшөөрөгдөх вэ. Зарим кинонууд шүүмжлэлийн хүчинд л алдартай болдог. Мэргэжлийн шүүмжлэгчийн анхааралд өртөнө гэдэг өөрөө их аз болсон үе. Бид хамгийн эхлээд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй ядаж телевизээр Монгол хүнийхээ хэлсэн афоризмыг үзүүлж, сонин дээр булан нээж бичих ч юм уу. Ингэж байж л бид хөгжинө. Хэлье гэснээ хэлье гэхдээ мэргэжлийн өндөр түвшинд хэлье. Өөрсдийнхөө сул талыг үнэлье.
"Алтан хальс холбоо"-ны тэргүүн, залуу кино найруулагч Ш.Ихбаяр: Шүүмжийг хөгжүүлэхэд өрсөлдөөн платформ дутаад байна
-Шүүмж бичихийн тулд бид эхлээд өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлье. Үүнийг хөгжүүлэхэд өрсөлдөөн платформ дутаад байна. Шүүмжийг олон хүн өрсөлдөөнтэйгөөр бичих хэрэгтэй. Найруулагч нар нь үзэл бодлоо чансаатай, өндөр түвшинд бичих. Шүүмж хөгжиж байж кино урлаг хөгжинө. Кино шүүмж байхгүй бол дэлхийн түвшинд гарахгүй.
"Tagtaa Publishing"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа: Шүүмж өнөө үед кино хорхойтнуудын ачаар л оршин тогтнож байна
-Тухайн киноны жинхэнэ зохиолч нь кино найруулагч юм. Энэ цаг үеийн онцлог нь хүн болгон кино тоймчид болсон. Монголд кино шүүмж өнөө үед кино хорхойтнуудын ачаар л оршин тогтнож байна. Техник технологийн хөгжсөнтэй холбоотойгоор хэн дуртай нь шүүмж хийж байна. Хэтэрхий их мэдээллийн урсгалын улмаас хүмүүс хүссэн зүйлээ бичиж, сайн кинонуудыг энэ дундаас мэргэжлийн хүмүүс гаргаж ирж байна.
Эх сурвалж:www.polit.mn