Д.НАДМИД

Монгол туургатны бөхийн наадам-барилдаан арван жилийн өмнө Улаанбаатарт болсноос хойш завсарласан байлаа. Тэгвэл “Хамаг Монгол” студи, Сүхбаатар аймгийн бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран зохион байгуулсан дөрөв дэх барилдаан сая боллоо. Энэ барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна ӨМӨЗО, Тува, Буриадынхан ирж барилдааны гурван төрлөөр өрсөлдсөн юм. Хэдийгээр зуны сар хэдийнэ гарсан ч уг барилдаан болох тэр өдөр буюу өнгөрсөн бямба гаригт хахир хаврыг санагдуулам хүйтэн өдөр байсан ч бөхчүүд гэдэг хүдэр чийрэг эрчүүд маань огтхон ч жихүүцэлгүй хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдаж байлаа. Хур дуудаж, хуур эгшиглэсэн Төв цэнгэлдэхийн ногоон талбайд газар газрын хүчитнүүд жагсаалаараа дэвэн орж ирэх нь ердөө туурга нэгтний их уухайн түрлэг лугаа сүрлэг байсан юм.

Ховорхон тохиолддог энэ барилдааныг олзуурхаж сурвалжлахаар очсон мань мэт нь цаг агаарын бэрхшээлд дарлуулахын зэрэгцээ Монголын бөхийн холбоод, бөхчүүдийн маргаан зөрөлдөөний улмаас нэг талынх гэх бөхчүүд энэ наадмыг “тасалсан”-д урам хугарч барилдааныг дуусгаж чадалгүй цэнгэлдэхээс гарав даа. Энэ бол зүгээр нэг ээлжит барилдаан биш Монгол туургатнуудын их чуулга-том наадам байлаа. Гэтэл гаднаас ирсэн ахан дүүс монголчууддаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр үйлийг манайхан үзүүлчихэв. Удаа дараагийн наадмын түрүү бөхөөр тодорч заан цолтойдоо Монгол туургатны аварга болж байсан улсын аварга Ч.Санжаадамбаас эхлээд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай гээд бөх сонирхогчдын барилдахыг нь харахыг хүсдэг хүчитнүүд байсангүй нь харамсмаар санагдсныг нуугаад яахав. Тэртээ тэргүй олон түмэн мэдэж тунгааж байгаа хойно.

Халхынхаа аварга, арслангуудтай хүчээ нэг үзье, нүүр тулж танилцъя гэж ирсэн газар газрын бөхчүүд ч гайхсан л байх. Шившгийн юм болж байна даа. Холбоодын хагарал, зөрчилдөөнөөс болж монгол бөхийн нэр хүнд ёстой л халтартаж гүйцлээ. Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрлөөр энэ барилдаан болж байна гэсэн үг сонсогдсон. Тэр нь хоёрдогч холбооныхны таалалд нийцээгүй юм байхаа даа. Яасан ч эе эвээ олж болдоггүй юм байдаг юм. Үүнээс нь болж Улсын баяр наадам ямар болдог бол гэсэн эмзэглэл төрж байгаа, хэн бүхэнд. За энэ заваарлын тухай бичээд байх ч сонирхолгүй бас утга алга. Ингээд Монгол туургатны барилдааны дүнг л сонирхуулъюу.

Монгол, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрөлд тус бүр 128 бөх барилдсан юм. Нийт 400-гаад бөх зодоглосон гэсэн үг л дээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч нарын хүчитнүүд зодоглосноос улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Тэгвэл буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Б.Өлзийсайхан үзүүрлэсэн байна. Улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Бү.Баянмөнх нар шөвгөрөв. ӨМӨЗО-ы аварга бөх Алтансүх, Алтандуулга нарын оролцсон өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, Монгол Улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн юм. Их шөвөгт улсын харцага Д.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдэв. Түрүү бөхчүүд цом, гурван сая төгрөгийн бай хүртлээ. Мөн үзүүрлэсэн бөх 1.5 сая, дөрөвт үлдсэн бөх 800 мянган төгрөгийн бай гардлаа. Бас азтай үзэгчээр Баянхонгор аймгийн харьяат Т.Нямдэлгэр тодорч “Приус-30” автомашины эзэн боллоо. Энэхүү барилдааныг сэргээн зохион байгуулсан “Хамаг Монгол” студи, “Жавхлант” дэвжээнийхэнд талархал илэрхийлье.

УЛСЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА ТҮРҮҮЛЭВ

С.ШИЖИРБААТАР

Монгол Туургатны барилдаан энэ сарын 02-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ барилдаанд ӨМӨЗО-ноос 21, Тувагаас найм, Буриадаас зургаан бөх оролцсон энэ барилдааныг монгол үндэсний бөх, өвөрмонгол бөх, буриад бөх гэсэн гурван  ангиллаар зохион байгуулсан юм.

Энд монгол бөхийн дүйзийг  нийтлэв.

Гурвын даваа

  1. Г.Эрхэмбаяр у.ав-Ш.Дарханбат а.х.а
  2. Б.Гончигдамба у.г-Н.Өсөхбаяр а.х
  3. Д.Баасандорж у.з-Б.Суманчулуун а.а
  4. Ш.Уламбаяр у.х-Б.Хашбат а.а
  5. Б.Одгэрэл у.х-Д.Тогтохжаргал а.а
  6. Б.Бат-Өлзий у.х-Д.Бадамгарав а.а
  7. Х.Гантулга у.х-Ц.Чимэддорж у.н
  8. М.Бадарч у.х-Б.Бадамсүрэн у.н
  9. Э.Энхбат у.ө.и.д.н-Ц.Бямба-Очир а.х.а
  10. Б.Амарзаяа у.н-Т.Пүрэвсүрэн а.а
  11. Ц.Одбаяр у.н-Б.Эрдэнэхүү а.х.а
  12. Л.Лха-Очир у.н-Д.Анар у.н
  13. М.Цыбик. Буриад-Наргил. ӨМӨЗО
  14. Алтандуулга. ӨМӨЗО-Ц.Салым. Тува
  15. О.Айдын. Тува-Үндэс. ӨМӨЗО
  16. А.Алдар. Буриад-О.Кайгол-Оол. Тува

Дөрвийн даваа

  1. Б.Гончигдамба у.г-Д.Тогтохжаргал а.а
  2. Б.Бат-Өлзий у.х-Т.Пүрэвсүрэн а.а
  3. Х.Гантулга у.х-Б.Хашбат а.а
  4. М.Бадарч у.х-Б.Суманчулуун а.а
  5. Э.Энхбат у.ө.и.д.н-Б.Эрдэнэхүү а.х.а
  6. Д.Анар у.н-Ш.Дарханбат а.х.а
  7. М.Цыбик. Буриад-Ц.Салым. Тува
  8. О.Айдын. Тува-О.Кайгол-Оол. Тува

Тавын даваа

  1. Б.Гончигдамба у.г-Ш.Дарханбат а.х.а
  2. Б.Бат-Өлзий у.х-Э.Энхбат у.ө.и.д.н
  3. Х.Гантулга у.х-М.Бадарч у.х
  4. М.Цыбик. Буриад-О.Айдын. Тува

Зургаагийн даваа

  1. Б.Гончигдамба у.г-О.Айдын. Тува
  2. Б.Бат-Өлзий у.х-М.Бадарч у.х

Долоогийн даваа

  1. Б.Гончигдамба у.г-Б.Бат-Өлзий у.х

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин