Д.ЭНХЭЭ
Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаар Орос улс зөвхөн богино хугацааны л эдийн засгийн ашиг олно хэмээн олон улсын чансааны агентлаг “Moody’s” -ийн шинжээчид тооцжээ.
“Эдийн засгийн үр дагаврын ихээхэн хэсэг дэд бүтцэд зарцуулсан хөрөнгөөс мэдрэгдэж байгаа боловч үр ашиг нь мөн л хязгаартай байна. 2013-2017 онд зарцуулсан хөрөнгө дэлхийн аваргын тэмцээнд зориулсан нийт хөрөнгө оруулалтын дөнгөж нэг хувийг эзэлж байна” хэмээн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эдийн засгийн үр дагавартай холбогдуулан агентлагаас бэлтгэсэн тоймын оршилд өгүүлжээ.
“Тэмцээн ганц л сарын хугацаанд үргэлжилнэ” хэмээн шинжээчид сануулжээ.
“Эдийн засгийн зарим нааштай түлхэц 1.3 их наяд доллараар үнэлэгдэх Оросын эдийн засгийн дэвсгэр дээр бүдгэрч байна” хэмээн агентлагийн ахлах дэд ерөнхийлөгч, шинжээч Кристин Линдоу (Kristin Lindow) мэдэгдэв. Тэмцээн эдийн засгийн илүү томоохон өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулна гэж “Moody’s” үзэхгүй байна гэж мөн тэрээр нэмж хэлэв.
Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг хүлээж авах эзэн-хотууд дахь “Татварын нэмэлт орлого” оруулах, “ирээдүйн зарцуулах хөрөнгийн зардлыг” бууруулах явдлыг хангахуйц тээврийн болон нийтийн аж ахуйн дэд бүтэц сайжирсныг агентлагийнхан онцлов.
“Мордов, Калининград муж илүү ашиг орлого хүртэнэ. Харин Санкт-Петербург хот (Ва1 түвшний үнэлгээтэй) болон Самар муж (Ва3 түвшний үнэлгээтэй) зэрэг бусад бүс нутгийн төрийн санхүүжилтэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зардал сөргөөр нөлөөлж, өрийн өсөлт үүсгэсэн байна” хэмээн агентлаг онцлон тэмдэглэжээ.
Хүнсний бүтээгдэхүүн борлуулагчид, зочид буудлынхан, тээврийн компаниуд түр зуур ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
“Гэхдээ үр ашиг нэг л удаагийнх байх болохоор компаниудын санхүү, ажил хэргийн үзүүлэлтэд онцын өөрчлөлт авчрахгүй” гэж агентлагийнхан төсөөлж байна. Тээврийн салбарт зорчигчийн урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор Москвагийн нисэх онгоцны буудлууд тэмцээн дууссаны дараа ч нэг хэсэгтээ ашигтай ажиллана. Банкны секторт үзэгдэж харагдахаар онцын нөлөө гарахгүй гэж “Moody’s” үзсэн байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны өдрүүдэд ОХУ-д болно. Тоглолтууд Москва, Санкт-Петербург, Самар, Саранск, Дон дахь Ростов, Сочи, Казань, Калининград, Волгоград, Нижний Новгород, Екатеринбург хотуудын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин