Д.ЭНХЭЭ

Испанийн хөлбөмбөгийн “Реал” клуб уйгагүй дасгал сургуулилт, тоглогчдын авьяас чадварын үр дүнд аваргуудын Лигид гурав дахь удаагаа ялалт байгуулж чадлаа хэмээн Английн “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожсон тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр мадридын клубын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан өөрийн бодлыг илэрхийлэв.

“Онцгой нууц гэхээр юм “Реал”-д байхгүй, бид маш их ажилладаг, манай клубт авьяаслаг хөлбөмбөгчид тоглодог. Энэ улирал бидний хувьд гайхалтай сайхан боллоо, шигшээд үлдэхийн тулд бид “Бавари”, ПСЖ-г хожиж, сая “Ливерпуль”-ийг яллаа. Манай багийн тоглогч нэг бүр энэ шагналд хүрэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан хичээж тоглосон”  хэмээн тэрээр онцлов.

Шигшээ тоглолтын хамгийн чухал гоолыг нэрлэхээс франц мэргэжилтэн татгалзав. “Ливерпуль”-ийн хаалгач Лорис Кариусын алдааг ашиглан Карим Бензема эхний бөмбөг оруулсан. Дараагийн хоёр бөмбөгийг солионд гарч ирсэн Гарета Бэйла оруулав. “Эдгээр гурван гоолын аль нэгийг шилдэг гэж хэлэх аргагүй, клубын хувьд бүгд л адилхан, эдгээр гоолын хүчинд бид түүхэн амжилт гаргаж чадлаа”хэмээн Зидан онцлов.

Испанийн хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл “Реал”-ын португал тоглогч Криштиану Роналду энэ улирлыг дуусгаад багаа солино гэж мэдээлэв. “Бид өнөөдрөөрөө амьдарч, аваргуудын Лигийн гурав дахь ялалтаа тэмдэглэж байна. Ирээдүйд юу болох тухай одоохондоо бид бодоогүй л явна. Роналдугийн үг бол зөвхөн л үг, иймэрхүү зүйл хоёр, гуравхан хоногийн дотор өөрчлөгдөж болно”хэмээн Зидан онцлов.

“Реал” аваргуудын Лигид гурван жил дараалан түрүүлж байгаа нь орчин үеийн спортын түүхэнд гараагүй амжилт ажээ. Харин Европын аваргуудын цомын тэмцээнд (1992 оноос өмнө ийм нэртэй байсан) дараалсан гурван ялалтыг голландын “Аякс” (1971-1973), Германы “Бавари” (1974-1976) тус тус авч байсан бол “Реал” (1956 – 1960) таван жилийн туршид хамгийн хүчтэй нь байсан.

Эх сурвалж:www.polit.mn