Х.ОЮУНБОЛД

Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд өндөр, оноотой шилдэг 24 тамирчин оюун ухаан, хүч чадвараа сорьж өрсөлдсөн юм.  Тэмцээний эрэгтэй ангилалд “Сүлд” спорт хороо, “Чингис” клубын тамирчин Олон улсын мастер С.Билгүүн түрүүлж, Орхон аймаг, “Хангарьд” клубын тамирчин Олон улсын мастер Н.Баттулга удаалж, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Г. Мөнхгал III байрт оржээ. Харин эмэгтэй ангилалд Алдар спорт хорооны тамирчин Олон улсын мастер, их мастер Б.Мөнгөнтуул тэмцээний турш хошуучилсаар түрүүлсэн байна. Дэд байрт Хэнтий аймаг, “Кайсса” клубын тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Т.Мөнхзул орсон бол, Алдар спорт хорооны тамирчин, Олон Улсын мастер Д.Янжиндулам III байр эзэлжээ. Эрэгтэй эмэгтэй төрөлд тус бүр эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид Гүрж улсын Батуми хотод болох Дэлхийн шатрын Олимпиадад оролцохоор боллоо. Тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, МШХ-ны баг хамт олон орон нутагт оюуны спортыг хөгжүүлэхээр Архангай аймгийн 19 сумыг дөрвөн бүсэд хуваан шатрын тэмцээн зохион байгуулагч, шүүгч, дасгал­жуулагчийн сeртификат олгох сургалтыг явууллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин