Д.НАДМИД

 Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё тун сонирхолтой өрнөж хэн нь түрүүлэхийг хэлэхэд бэрх байсаар сүүлийн өдөр түрүү бөх тодорлоо. Сүмогийн 71 дэх аварга Какирюү М.Ананд ёкозүна цол хүртснээсээ хойш төдийлэн сайн биш барилдаж бас олон башё өнжсөнөөр аварга цолтон байхад эргэлзээ төрүүлж байсан үе бий юм. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчийн тэмцээнээс хойш тэр жинхэнэ аваргын энтэй барилдаж байна. Гурав, тавдугаар сарын башёд дараалан түрүүллээ. Нэгдүгээр сард Гүржийн сүмоч Точиношинд гэмгүйхэн түрүүгээ алдсан. Тэгээгүйсэн бол гурав дараалсан түрүүний эзэн байх л байлаа.

Башёгийн эхний 12 өдрийн дараа гэхэд Точиношин нэг ч уналгүйгээр ганцаараа тэргүүлж явсан. Гэтэл 13 дахь өдөр Шёодайд өвдөг шороодон тэргүүлэл нь зогсч Какирюүтэй адил нэг унаатай болсон. Тэгээд 14 дэх өдрөө ёкозүна, секиваке хоёр халз тулахад Какирюү Точиношинг хаяж сүмод аварга гэдэг дээд цол байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн юм. Ингэснээр түрүү бөх тодроогүй л байлаа. 12 даваатайгаар тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнд явсан их аварга Хакүхо нутгийн хүчтэй сүмоч Ичиножёод унаж түрүүлэх боломжоос хасагдав. Ингээд хамгийн сүүлийн өдөр шийдвэрлэх барилдаанууд боллоо. Энэ өдөр Точиношин даваагаа ахиулснаар түрүүлэхийн төлөө горьдлого тээж үлдэв. Энэ горьдлого нь хэрэв ганц унаатай тэргүүлж яваа Какирюүг Хакүхо хаясан нөхцөлд Точиношин нэмэлт барилдааныг Какирюүтэй хийх байв. Гэтэл Какирюү их аваргыг өвдөглүүлснээр нэмэлт барилдаан ч гарсангүй ээ. Ингээд монгол сүмоч Какирюү М.Ананд Нацү башёгийн түрүүг авлаа. Энэ нь түүний тав дахь түрүү юм. Оны эхний башёгийн түрүү бөх Гүжрийн Точиношин арай л дахин түрүүлсэнгүй. Түүнийг тэмцээний 13 дахь өдөр Шёодай хаяж ганц ч унаагүй явсан давааны буухиаг нь зогсоосон одтой нэгэн болов.

Тэгвэл бас тэмцээний 14 дэх өдөр адилхан 12 даваатайгаар тэмцээнийг тэргүүлж явсан ёкозүна Какирюү, секиваке Точиношин хоёр оноолт таарсан нь тэр өдрийн оргил барилдаан байсан. Уг барилдаанд Какирюү давснаар тэргүүллийг хадгалж үлдсэн юм. Точиношинийн хувьд түрүүлж чадаагүй ч озеки цол өвөрт нь ороод ирсэн бас кентошо хэмээх тусгай шагналын эзэн болж амжив. Тэр дараагийн башёд озеки цолтойгоор зодоглоно. Бас цолтны эгнээнд орох болзлын төлөө хэд хэдэн бөхуралдав”. Эндогийн алдсан комүсүби цолыг Точиношинг хаясан Шёодай, Какирюүг хаясан Шёохозан хоёрын хэн нэг нь хүртэх болзолд хүрсэн. Гэтэл Какирюү аварга түрүүлснээр Шёохозаны оноо арай дөнгүүрдэх шиг болов. Гэхдээ монгол сүмоч Тамавашиг санякү цолны болзол хангасан тухай ярьж байна лээ.

Точиношин цол ахиж озеки болсноор энэ цолд нэгорон тоогарлаа. Митаканоүми тэр суудалд очих юм шиг байна. Алдаг оногхон бяраа мэдрүүлдэг Ичиножёо ч тавин хувиа хийсэн амжилттай тэмцээн дуусгалаа. Араваши Э.Дөлгөөн, Чиёшома Г.Мөнхсайхан нар зургаан даваа авснаар дээд зиндаандаа үлдэх магадлалтай болов бололтойдог. Япон сүмочдоос Миёогирюү, Чиёонокүни, залуу бөх Кёкүтайсей нар тун сайн барилдаж 10 даваатайгаар тэмцээнийг дуусгалаа.

Мөн Чиёнокүни, Кёкүтайсей нар тусгай шагнал авахаар болсон юм. Нацү башё ийнхүү наанатай, цаанатай бас ч сонирхолтой өрнөсөн дөө. Энэ удаагийн башёд Монголын нийт 24 бөх барилдснаас макүшита зиндаанд Кирибаяма Б.Лхагвасүрэн долоо давж түрүүлсэн бол жонидан зиндаанд их аварга Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямба­­сүрэн түрүүл­сэн нь сүмогийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. 19 настай тэр залуу өвдөг шороодолгүй түрүүлснээрээ бас онцлог юм. Ийнхүү нэг башёд Монголын гурван бөх түрүүлсэн нь тод амжилт боллоо. Харин цагтаа озеки цол хүртэж аваргуудын халаа гэгдэж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёод таван даваа аваагүйн улмаас макүшитад зодоглох нь тодорхой болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин