Ч.ГАНТУЛГА

Бид дэлхийд Монголоо сурталчилах баялаг түүхтэй ард түмэн. Хоёрхон чавхдсаар хорвоог уяраадаг морин хуур, бурхан шашин, бөө мөргөлийн арвин их түүх гагцхүү манай оронд бий. Харин түүнийгээ хэрхэн түгээн дэлгэрүүлж, дэлхийд сурталчилах вэ. Энэ асуултын оновчтой хариулт нь кино урлаг билээ. Ялангуяа богино хэмжээний дэлгэцийн бүтээл. Учир нь дэлхийд богино хэмжээний кино эрчимтэй хөгжиж байна. Энэ төрлийн киног алдаршуулах, дэлхийд үзүүлэх кино наадам олон болжээ. Үүнийг овжиноор ашиглаж, Монголын богино хэмжээний кино ч дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэж байгаа нь олзуурхууштай. Үүний хамгийн ойрын жишээ нь “Ээж” кино юм. Оросын Бүгд Найрамдах Баш­кортостан Улсын нийс­­лэл Уфа хотод гу­рав дахь удаагаа зо­хион байгуулагдсан “Мөн­гөн Акбузат” кино ур­лагийн наадмыг “Ээж” кино нээсэн юм. Түү­гээр ч зогсохгүй “Шил­дэг эмэгтэй жүжиг­чин” шагналыг Ардын жүжиг­чин Э.Мэндбаяр хүртсэн билээ. Тэрээр “Манай залуус дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөх сайхан бүтээл хийдэг болжээ. Ялангуяа богино хэмжээний дэлгэцийн бүтээлүүдийг. Энэ төрлийн кино хурдацтай хөгжиж байгаад ахмад уран бүтээлчийн хувьд баяртай байна. Харин эдгээр хүүхдүүдийг дэмжих бодлого жаахан дутмаг санагддаг”  гэсэн юм. Үүнээс гадна найруулагч Б.Чингүүний олон бүтээл олон улсын наадамд амжилттай орол­цож эх орныхоо нэрийг гаргаж байна. Саяхан болсон Каннын кино наадмын дэлгэцнээ “Бид хэд” нэгдлийн бүтээл “Хөхөө” богино хэмжээний кино гарсан юм. Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилд­гээр шалгарч, улмаар олон улсын “48цаг” кино наадам буюу “Filmapalooza 2018” кино наадамд оролцох эрхээ авсан. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн уг наадамд 157 кино өрсөлдөхөд манай залуусын “Хөхөө” кино “Шилдэг график” шагналын эзэн болсон. Энэ бол Монголын бо­гино хэмжээний киноны чан­сааг илтгэж, энэ төр­лийн кино хэдийнэ дэл­­хийд хүлээн зөвшөө­рөгдс­нийг илтгэж байгаа юм.

“10-15 МИНУТАД ХЭЛЭХ САНААГАА БАГТААХАД НАЙРУУЛАГЧААС ТОРГОН МЭДРЭМЖ ШААРДДАГ”

“Хөхөө” кинотой зэрэг­цэн Азийн олон улсын үндэсний кино наадмаас “Сахиус” богино хэмжээний кино Гранпри шагнал хүртсэн юм. Үндэсний онцлогийг харуулсан шилдэг бүтээл шалгаруулах зорилготой тус наадамд дэлхийн 100 гаруй орны 200 бүтээл өрсөлджээ. Үүнээс Монголын бөө мөргөлийн тухай өгүүлсэн тус кино шилдэг байж чадсан нь бас л том дуулиан. 30 гаруй жилийн түүхтэй тус наадамд өмнө нь монгол кино тэргүүлж бай­сангүй. Киноны найруулагч Б.Эрдэнэбат “Киногоороо бөө мөр­гөлийн гайхамшгийг дэл­­хийд харуулахыг хүс­сэн. Зураг авалтаа бөө мөргөлийн ширгэшгүй ундарга болсон Хөвсгөл аймагт авсан. Киноны маань гол дүрийг бүтээсэн О.Батхуяг ах өөрөө онгод шүтээнтэй бөө хүн. Тий­мээс кино маань хүмүүст илүү хүрсэн байх. Энэ наадамд түрүүлснээр дэлхийн таван оронд аялж, бүтээлээ үзүүлэх эрхтэй болсон.  Миний хувьд энэ кино гурав дахь богино хэмжээний бүтээл” гэсэн юм.

Ийнхүү Монголын бо­гино хэмжээний кино хурдацтайгаар хөг­­жиж байна. Зарим үзэгч богино хэмжээний кино гэхээр амархан бүт­­дэг гэж ойлгодог. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь 10-15 ми­ну­тад хэлэх гэсэн санаагаар багтаана гэдэг найруулагчаас ур чадвар, мэдрэмж шаарддаг гэж найруулагч Б.Чингүүн онцолж байсан юм. Учир нь түүний бүтээлд дөрвөн улирал дамнаж зураг авалтаа хийсэн, урт настай бүтээл ч байдаг аж. Тэгвэл энэ төрлийн киног олноор үйлдвэрлэж, урал­даан тэмцээнд сойж, богино хэмжээний кино­гоор дэлхийд урхи тавьж чадвал  Монголын кино урлаг гэрлийн хурдаар хөг­жих боломж байна цаана чинь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин