Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинШилдэг туслах дүрийн эзэн Б.ШИНЭБАЯР /Драмын жүжгийн төрөл/ -Тайзны ард дуулах гээд хүлээж байхдаа өөрийнхөө нэрийг сонсоод гайхлаа. “Адууны түүх” жүжгийг найруулсан тэнгэрт байгаа Б.Баатар найруулагчдаа баярлалаа.
Шилдэг эмэгтэй жүжигчин Д.ОЮУНЗУЛ /Драмын жүжгийн төрөл/ -“Годо-г хүлээсэн нь” абсурт жүжгийг Монголд тавьсан нь зориг гаргасан алхам юм. Найруулагч М.Боролдой та чадлаа.
Шилдэг эрэгтэй гол дүр Б.ЗОЛЖАРГАЛ /Хүүхдийн жүжгийн төрөл/ -Би оюутан байхдаа “Гэгээн муза” наадмыг туулайчилж үздэг байлаа. Гэртээ очоод өөрөө авч байна гэж төсөөлөөд хэлэх үгээ хүртэл бэлддэг байсан.
Шилдэг зохиолч Я.БАЯРАА /Нэг хүний жүжгийн төрөл/ -Энэ цомыг анх удаа барьж байна. Үнэхээр сайхан цом байдаг юм байна. Жүжигчин Г.Алтангэрэл ээ энэ бас чиний цом шүү.
Шилдэг найруулагч Н.НАРАНБААТАР /Хөгжимт жүжгийн төрөл/ -А.П.Чехов хэлэхдээ хүнийг танихыг хүсвэл юу шүтдэгийг нь сонс гэсэн байдаг. Өндөр гэгээн юу хүсч, мөрөөддөг байсныг энэ жүжгээр харуулахыг хүссэн.
Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.ОЮУНДАРЬ /Драмын жүжгийн төрөл/ -Аавтай минь хамт ажиллаж байсан П.Цэрэндагва ахаасаа энэ нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Аав минь намайг тэнгэрээс харж байгаа.
Шилдэг эрэгтэй жүжигчин Ч.ЛХАГВАДОРЖ /Хөгжимт жүжгийн төрөл/ -Өндөр гэгээний дүр надад буян заяагаар иржээ. Театрын урлагт дурлуулсан Н.Наранбаатар найруулагчдаа талархая.
Шилдэг эрэгтэй дүр Г.МИШЭЭЛ /Нэг хүний жүжгийн төрөл/ -Жүжиг тоглохоос илүү энэ тайзан дээр зогсоход сандарч байна. IX ангидаа Лир ванд тоглоход минь Ардын жүжигчин Жамсранжав гуай чамд театрын грим их сайхан зохих юм байна гэж хэлж байсан.