Х.ОЮУНБОЛД
БНХАУ-ын Шэньжен хотод Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /ФИБА 3х3/ амжилттай өндөрлөлөө. Энэ тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аваргын тоглолтын ур чадвар, чансаагаар тэргүүн байрыг эзлэв. Энэ талаар 3х3 багийн дасгалжуулагч С.Тулга “Манай баг Ази тивийн болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жил түрүүлж аварга баг болж байсан. Харин энэ жил Австралийн шигшээ багт харамсалтайгаар хожигдсоноор мөнгөн медаль хүртэж, дэд аварга боллоо. Мөн дэлхийн Гранпри тэмцээнд оролцож хүрэл медаль авснаас гадна шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарснаар олимп, дэлхийн аваргынхаа оноог ахиулсан амжилтыг үзүүллээ. Энэ тэмцээнд Азид чансаагаараа хамгийн өндөрт бичигддэг 22 баг, тамирчид ирж оролцсон. Тухайлбал, Шинэ Зеланд, Австралийн тамирчидтай тоглосон. Хэдийгээр манай залуучууд Австралийн багт хожигдсон ч дэлхийн аварга болон өөр бусад тэмцээнд амжилттай оролцохын тулд бэлтгэлээ хийж байна. Манай багийнхан дараагийн тэмцээндээ амжилттай тоглоно” гэж хэллээ. Тэд энэ баасан гаригт БНХАУ-д болох дэлхийн Гранприд оролцохоор бэлтгэлээ хангажээ. Олон улсын чанартай ийм тэмцээнд оролцсоноор дэлхийн аварга, олимпийн тэмцээнд оролцох оноогоо нэмнэ. Мөн долдугаар сард Канадад болох тэмцээнд оролцох эрхээ авна. Саяхан БНХАУ-ын Нанжин хотод болсон тэмцээнээс Хятадын их дуулгад оролцох эрхийг авсан юм. Одоо Австрали, Японд болох тэмцээний эрх авахын төлөө явж байна. Үүнээс гадна сагсны 3Х3 төрөл нь олимпод багтсан. Тэмцээнд оролцох зардлыг 3Х3 сагсан бөмбөгийн холбооноос даадаг юм байна. Цаашид сагсны төрлийг аваад явах залуу халаа тамирчдыг бэлдсэнээр амжилт үзүүлэх боломж байгаа талаар сонирхоход “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан өндөр амжилт үзүүллээ. Бид өөрсдийн гэсэн монгол маягаар тоглох системийг боловсруулсан. Энэ системээр тамирчдаа бэлдэнэ. Мөн Монгол Улсын спортын яам, тамгын газар, байгууллагууд сагсчдаа багийн спорт Монголд хөгжихгүй, монголчууд багаараа чадахгүй гэж байсан. Бид тэднийг харахгүйгээр харин чадна гэдгээ нотолж дэлхийн тавцанд гарч ирлээ. Монгол хэмээх зургаан үсэгтэй нэрийн өмнөөс олон улс, дэлхийд тоглож байна. Гэтэл бидний хийж бүтээснийг харлуулж, гүтгэж, доромжилж байна. Биднийг Монгол Улсын нэрийн өмнөөс тоглож байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид бэлтгэлээ хийх талбайгүй. Хувиараа заал олж эсвэл гадаа талбайд мөнгөө төлж бэлтгэлээ хийж байна. Энэ асуудлаар 3Х3 сагсны холбооныхон манай төр, засгийн эрх баригчидтай уулзсан ч одоогоор ямар ч хариу өгөөгүй. Хэдийгээр байдал ийм байгаа ч биднийг дэмждэг “Кока кола” компанийн захирал Л. Мягмаржав, 3х3 харьцах сагсан бөмбөгийн холбооныхондоо талархаж байгаагаа хэлмээр байна” хэмээн дасгалжуулагч С.Тулга ярьж байлаа. Харин ирэх сарын 2, 3-нд дэлхийн шилдэг сагсны багууд оролцох дэлхийн Гранпри тэмцээн Сүхбаатрын талбайд болно. Энэ тэмцээнд оролцсон багууд дараа нь Филиппинд болох тэмцээнд оролцохоор явна. Иймээс сагс сонирхогч хүүхэд залуучууд болон монголчуудаа Сүхбаатрын талбайд болох тэмцээнийг ирж үээхийг хүслээ.
[caption id="attachment_38148" align="alignnone" width="1289"] Азийн аварга шалгаруулах 2018 тэмцээнээс Монгол улсын 3х3 Үндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртлээ[/caption] [caption id="attachment_38150" align="alignnone" width="1215"] Э.Дөлгөөн 2018 оны FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний билгэдлийн тоглогчоор нэрлэгдлээ[/caption]Эх сурвалж: www.polit.mn