“Увс нуур” дэвжээний тэргүүн Д.Дорлигжав, дархан аварга Х.Баянмөнх нар чөлөөтийн аварга болсон “Алдар”-ын багийнхантай.
Д.НАДМИД
Увс нутаг төдийгүй улсынхаа нэрийг тив, дэлхийн дэвжээнд дуурсгаж буй “Увс нуур” галынхан 20 жилийн ойгоо өргөн тэмдэглэлээ. “Оргилд тэмүүлсэн он жилүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж монгол бөхийн хөгжил, Увсын бөхчүүдийн үзүүлсэн амжилт, чансааны тухай илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Мөн ойнхоо хүрээнд Увс нутагт мэндэлсэн олимп, дэлхийн аваргуудын нэрэмжит жүдо, чөлөөт бөхийн багийн болон самбо бөхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг бөхийн баяр нэртэйгээр бүтэн гурван өдөр дараалан хийж спортын хорхойтнуудаа баясгалаа. Эхнийх нь чөлөө бөхийн шилдэг найман багийн алтан цомын төлөө тэмцээн байсан юм. Уг тэмцээний нээлтийн үеэр “Увс нуур” галынхан олимп, дэлхий, тивийн тэмцээний медальтнууд болох Монгол Улс болон ОХУ-ын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарын ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Тэмцээнд оролцсон шилдэг найман баг А, В хэсэгт хуваагдан өрсөлдөж гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ, Г.Отгонжаргал, спортын мастер Т.Мөнгөншагай, М.Даваабанди, Т.Бэгзсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр барилдсан “Алдар” спорт хорооны баг алтан медаль хүртлээ.
[caption id="attachment_37466" align="aligncenter" width="645"] Самбо бөхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний ням гаригт болсон медалийн төлөөх өрсөлдөөний явцад уран барилдаан олон гарч байлаа.[/caption]Хоёр, гуравдугаар байрт “Арслан”, “Аврагч” спорт хорооны баг, тамирчид орж мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тэгвэл өнгөрсөн бямба, ням гаригт жүдогийн багийн аварга шалгаруулах болон самбо бөхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүд болж өндөрлөв. “Увс нуур” дэвжээний тэргүүн Д.Дорлигжав ярихдаа:
-Монгол Улсад бөх гэхээр Увсынхны тухай ярихгүйгээр ойлголт дундуур болдог. Яагаад гэхээр зөвхөн үндэсний бөхөөр төдийгүй жүдо, чөлөөт, самбогийн үе үеийн шилдгүүд Увсынхан байдаг. Улсын баяр наадмын хамгийн олон түрүүг Увсын бөхчүүд авч ирсэн. Их спортоор олимп, дэлхийн медальтан ч мөн л олон. Иймээс бид дэвжээнийхээ 20 жилийн ойг монголчуудын бөхийн баяр, спорт сонирхогчдын баяр болгон тэмдэглэхийг зорьсон юм гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин