Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын төлөөлөл болох бөхчүүд өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Тус хуралд:

1. Архангай аймгаас улсын гарьд Д.Рагчаа,

2. Баян-Өлгий аймгаас у.х О.Бахытыг төлөөлж, аймгийн арсланХ.Айдос,

3. Баянхонгор аймгаас у.х Д.Батболдыг төлөөлж аймгийн арслан Д.Энхбат,

4. Булган аймгаас улсын заан Д.Баасандорж,

5. Говь-Алтай аймгаас улсын гарьд Н.Ганбаатар,

6. Говьсүмбэр аймгаас у.а Д.Азжаргалыг төлөөлж, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн,

7. Дорнод аймгаас улсын начин Д.Цогзолдорж,

8. Дундговь аймгаас улсын харцага Л.Пүрэвжав,

9. Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамбыг төлөөлж, у.х Ш. Уламбаяр,

10. Өвөрхангай аймгаас улсын арслан Д.Ганхуяг,

11. Сүхбаатар аймгаас улсын харцага Ч.Өвгөнхүү,

12. Сэлэнгэ аймгаас улсын харцага Т. Өсөх-Ирээдүй,

13. Төв аймгаас улсын заан Д.Амгаланбаатар,

14. Увс аймгаас улсын гарьд Б.Гантогтох,

15.Ховд аймгаас улсын заан Ц.Мягмарсүрэнг төлөөлж, Ховд дэвжээний захирал Ш.Батхишиг,

16. Хөвсгөл аймгаас улсын харцага Г.Элбэг,

17. Хэнтий аймгаас улсын начин Б. Одхүү нар хүрэлцэн ирж оролцжээ. Харин Дорноговь, Өмнөговь аймгаас төлөөлөл ирж амжаагүй байна.

Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд:

1. МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, Ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжсэн байна.

2. 2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг буюу 2/3-ыг бүрдүүлэх үүрэг өгч, 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжжээ.

3. Х.Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг (ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав) гаргаж ажиллах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn