Ч.ГАНТУЛГА
“Утасны анд” энэ удаад “Говийн домог” киноны гол дүрийн жүжигчин Б.Замилантай холбогдлоо.
-Сайн байна уу. “Утасны анд” холбогдож байна. Өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
-Хэсэгхэн хугацаанд ярилцах завтай байна уу?
-Одоогоор завтай байна.
-“Говийн домог” хэмээх нэгэн том уран бүтээлийн ард амжилттай гарлаа шүү?
-Анхны уран бүтээлээ домгийн сэдэвтэй киногоор эхэлсэндээ баяртай байна. Кино гэдэг олон хүний хөлс, хөдөлмөрөөр бүтдэг гэдгийг ойлголоо. Зураг авалтын үеэр бэрхшээлтэй, зүрхшээм асуудал гарч байсан ч манай багийнхан надад их урам өгсөн. Бид жилийн дөрвөн улирал дамнаж, хоёр жилийн хугацаанд зураг авалт хийсэн. Хасах 40 хэмийн хүйтнээс нэмэх 40 хэмийн халуунд хүртэл ажлаа зогсоогоогүй.
-Энэ хоёр жилийн хугацаанд их хатуужилтай болсон байх даа?
-Эхлээд гэрээсээ хол жаахан хэцүү байсан. Сүүлдээ дасдаг юм билээ. Үүнээс гадна говьд халуун, бидний хувцас зузааныг хэлэх үү. Ялангуяа, тэр халуунд тулаантай хэсгүүдийг авахад жүжигчнээс жинхэнэ тэсвэр шаардаж байсан.
-Дөнгөж I дамжааны оюутанд ийм том бүтээлд гол дүр бүтээнэ гэж бодоход ямар санагдсан бэ?
-Би киноныхоо тухай ямар ч мэдээлэлгүй сонгон шалгаруулалтад оролцсон. Өөрийгөө гол дүр бүтээнэ гэж итгээгүй. Мэдээж дөнгөж сургуулийн босго алхсан шинэхэн оюутны хувьд үнэхээр том аз, их хариуцлага байлаа.
-Тувагийн алдарт жүжигчин Эдуард Ондартой хамтарч тоглосон. Ойлголцоход бэрх байсан уу?
-Монголоор ярьдаггүй учир эхлээд ойлголцоход бэрх байсан. Сүүлдээ дасаад зураг авалтын талбайд харцаараа ойлголцдог болсон. Тэр мундаг жүжигчнээс их зүйл сурсан шүү.
-Манай үзэсгэлэнт гүнж нум сум их сайн харваж байсан?
-Би хотод өссөн. Тиймээс нум сум харвах тухай ямар ч мэдлэггүй байсан. Зураг авалтын турш орлон тоглогчийн багийнхан надад зааж зөвлөсний хүчинд жаахан дөртэй боллоо.
-Бас морь их сайн унаж харагдсан?
-Морь унаж сурсныхаа дараа буумааргүй санагдаж байсан. Морь унаад салхи татуулан давхих их сайхан юм билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин