Ч.ГАНТУЛГА
“Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалыг “Урлаг” буландаа урилаа. Тэрээр сүүлийн есөн жил Францын ардын урлагийг дэмжих театртай хамтран ажиллаж байгаа юм.
-Та Францаас хэзээ ирэв. Энэ орон таны хоёр дахь эх орон болоод уджээ?
-Дуунд дуртай монгол түмнийхээ энэ өдрийн амгаланг эрье. Би Францын уран бүтээлчидтэй хамтраад багагүй хугацааг үдлээ. Уламжлалынхаа дагуу очиж тоглочихоод ирсэн. Гэхдээ энэ удаагийн тоглолт онцлогтой. Тоглолтын бүтэн бичлэгээ Францын радиод бичүүлээд ирлээ. Тэр бичлэг гурван жил Францын албан ёсны цахим хуудаст тавигдах юм.
-Гайхалтай юм аа. монгол дуучны хоолойг гурван жилийн турш дэлхий сонсох нь байна шүү дээ?
-Цахим хуудсаар орсон хүн бүхэн манай уртын дууг сонсох боломжтой боллоо. Тэд зөвхөн Г.Бямбажаргал гэж харахгүй, Монголын уртын дуу, өв соёл гэж ярина. Энэ л хамгийн том бахархал юм.
-Та Халимагийн алдарт дуучин Цагаанзамтай хамтарсан тоглолт хийсэн гэв үү?
-Дуучин Цагаанзам болон Германд амьдардаг морин хуурч Эпи бид гурав хамтарч уран бүтээлээ хүргэсэн. Миний хувьд эхлээд “Хэрлэнгийн баръяа” айзам уртын дуугаа дуулсан. Дараа нь хөгжимгүйгээр “Уяхан замба тивийн наран” дууг дууллаа.
-Уртын дууг гадаадын сонсогчид хэр хүлээж авдаг вэ?
-Франц их хөлийн газар. Тэнд хүмүүс амьдрахын тулд олон тэмцэл, сорилттой тулгардаг. Тиймээс сэтгэлийн таашаал амар амгаланг мэдрэх аялгуу үгүйлдэг юм билээ. Бидний тоглолтыг ихэвчлэн нийгэмд өөрийн байр сууриа олчихсон, амьдрал нь тэгширсэн хүмүүс үздэг. Анх дуулж байхад үзэгчид нүдээ анихаар нь унтаад байна боддог байлаа. Харин тэр хүмүүс нүдээ аньж, орчлонгоос тасраад зөвхөн тэр аялгууг мэдэрч сэтгэлийн амирлангуйг мэдэрдэг байсан юм билээ.
-Монгол аялгуу тийм л хүчтэй байх нь?
-Гадаадын сонсогчдын сэтгэлд их хүчтэй хүрдэг. Зөвхөн уртын дуунаас гадна тоглолтын эхэнд Цагаанзам гуай 20 минут тууль хайлахад үзэгчид их сайхан хүлээж авч, сонирхож байсан. “Жангар” туулийн тухай би ч ялгаагүй сайн мэдлэггүй байсан. Бидний өвөг дээдийн үед тэнгэрээс хур бороо гуйхдаа хайлдаг байсан юм билээ.
-Танаас гадна манай уран бүтээлчдээс радиод тоглолтоо бичүүлсэн дуучин бий юу?
-Одоогоос есөн жилийн өмнө анх Францын найруулагч манай улсад ирээд бичлэг хийсэн юм. Түүнд гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг дүү нартайгаа, хөөмийч Б.Цэрэндагва нарын уран бүтээлчид оролцсон байдаг. Тэр үед анх намайг дуудсан юм. Манай дүү Германд амьдардаг. Тэнд амьдардаг монголчууд хоорондоо уулзахад дүү маань Эпитэй анх танилцаж. Эпи миний “Урьхан хонгор салхи” цомгийг сонссон юм билээ. Тэгээд Францын найруулагч Монгол руу явна гэхэд “Та Г.Бямбажаргал гэдэг дуучинг сонсоод үзээрэй” гэж захиж л дээ. Тэр үеэс өнөөдрийг хүртэл бид хамтарч, олон газраар явж уртын дуу, ардын урлагаа сурталчилж байна.
-Одоо эх орондоо ирчихсэн юм чинь чуулгынхаа тоглолтод анхаарлаа хандуулж байгаа байх?
-Манай театр зун жуулчдад зориулсан тоглолт хийдэг. Хүмүүсийг амарч байхад бид ид ажлын ачаалалтай байдаг. Тоглолтын бэлтгэл ажил амжилттай хангагдаж байна. 2017 он миний хувьд уран бүтээлийн олз омог арвин байлаа. Ажлын үзүүлэлтээрээ хамт олноо тэргүүлж, байгууллагын аварга болсон. Бээжинд амарч, “Аватар” киноны зураг авалт хийсэн газраар аялах эрхээр шагнууллаа. Энэ амралтын өдрөөр аялалдаа гарахаар төлөвлөж байна.
-Таныг анх СУИС-д драмын ангид шалгалт өгч байсан гэдэг юм билээ?
-Жүжигчин болохоор анх драмын ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Ямар ч байсан урлагийн хүн болно гэж зүтгээд дуулаачийн ангид шалгалт өгч тэнцсэн. Анх Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн шавиар орж байлаа. Хөдөө өссөн хүнд сонгодог урлагийн дасгал хийнэ гэдэг санаанд буугаагүй. Тиймээс сарын дараа уртын дууны ангид орох хүсэлт гаргасан юм. Тухайн үед уртын дуучин болъё гэж хүүхдүүд ирдэггүй байсан үе. Норовоо багш маань “Чи үнэхээр уртын дуучин болох хүсэлтэй юм бол зааж өгөлгүй яахав” гээд ангидаа авсан даа.
-Та ямар үед мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?
-Үндэсний хувцсаа өмсөөд монгол ч бай, гадаад ч бай үзэгчдэд дуулж өгөөд, тэдний алга таших чимээнээс хамгийн сайхан мэдрэмжийг авч, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин