Ч.ГАНТУЛГА
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын залуу жүжигчин Ч.Лхагвадоржийг “Залуус” буландаа урилаа. Тэрээр “Гэгээн муза” жүжгийн “Шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд “Өндөр гэгээн” жүжгийн Занабазарын дүрээр нэр дэвшиж байгаа юм.
-Театрын урлагийн хамгийн том наадамд анх удаа нэр дэвшиж байна. Залуу уран бүтээлчийн хувьд догдолж байгаа байх даа?
-“Гэгээн муза” наадамд нэр дэвшсэндээ баяртай байна. Мэдээж театрын урлагийн үе, үеийн мундаг уран бүтээлчидтэй хамт энэ нэр хүндтэй наадамд оролцоно гэдэг залуу уран бүтээлчийн хувьд сайхан байна. Мөн их хариуцлага гэж бодож байна.
-Ялангуяа, төр шашны нэрт зүтгэлтэн соён гэгээрүүлэгч, монгол хүн бүхний сайн мэддэг түүхэн хүний дүрээр дэвшинэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг юм?
-Тийм ээ. Надаас гадна жүжгийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ерөнхий зураач Т.Ганхуяг гээд авьяаслаг уран бүтээлчид нэр дэвшиж байна. Баг, хамт олондоо амжилт хүсье.
-Театрын залуу уран бүтээлч мөртлөө түүхэн хүний дүрийг бүтээх эрх авсан гэж бодохоор сонирхолтой санагдаж байна?
-Манай театрт “Өндөр гэгээн” жүжгийг тавина гэсэн яриа гарсан ч өөрийгөө гол дүрд тоглоно гэж төсөөлөөгүй. Их гэнэтийн зүйл болсон. Найруулагч дүрийн сонголт хийгээд гол дүр өгөхөд жаахан эмээх сэтгэл төрсөн. Гэхдээ хамт олон минь надад итгэсэн учир итгэл сэтгэлийг нь даах учиртай гэж өөрийгөө зоригжуулсан.
-Дүрийн судалгаа их хийсэн байх?
-Жүжигчин хүн судлаач байдаг. Дүрийнхээ тухай судалж байж дүрээ илүү сайн тодотгож чадна. Миний хувьд дүрийн судалгаагаа сайн хийсэн. Занабазар нь 1686 онд үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Соёмбо үсгийг зохиож, 1696 онд монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалиа айлдаж, 17 насандаа Төвхөний хийд, 19 настайдаа Хэнтийн нуруунд Их хүрээг, 67 настайдаа Зүүн хүрээг байгуулж, Монголын түүхэнд мөрөө тод үлдээсэн байдаг.
Өндөр гэгээн нь шашны тэргүүн төдийгүй, зураач, уран барималч, хэл шинжлэлч гээд олон талын авьяастай соён гэгээрүүлэгч юм.
-Залуу жүжигчний бүтээх Занабазар ямар онцлогтой байх бол?
-Би дүрээ хувь хүн талаас нь гаргахыг хичээсэн. Занабазар гэж хэн байсан. Дотоод мөн чанар нь юу болох гээд л. Манай жүжиг ирэх сарын 8, 14, 15-нд УДЭТ-ын тайзнаа тоглоно. “Өндөр гэгээн” жүжгийн агуулга, зохиомж, илэрхийлэл нь Монголын ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт болно гэж харж байгаа.
-Жүжигчнээр төгссөн ихэнх залуус хотод уран бүтээл хийх сонирхолтой байдаг. Таны хувьд харин эсрэгээрээ юм?
-Би 2015 онд СУИС-ийг Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор төгссөн. Уран бүтээлийн гараагаа төрөлх нутгийнхаа театраас эхлэхээр Завханг зорьсон юм. Намайг сайхан уран бүтээлчид тосч, өнөөдрийг хүртэл зааж, зөвлөж, сургаж байна.
-Танай театр залуу уран бүтээлч олонтой юу?
-Нэгэн үеийн залуу жүжигчин олон бий. Бид хамтдаа театрынхаа хөгжлийн төлөө хөдөлмөрлөж байна. Хийж бүтээе гэсэн нэгдмэл санаагаар нэгдсэн гэж ойлгож болно. Театрын удирдлагын зүгээс ч залуу уран бүтээлчдээ байнга дэмждэг.
-Орон нутгийн театрт ажиллахын давуу тал нь юу вэ?
-Орон нутгийн театрт ажиллах олон давуу талтай. Бид төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Мөн хотыг бодвол зардал багатай. Тиймээс авсан цалингаа өөрийн боловсролдоо хөрөнгө оруулах ч юм уу, ирээдүйн сайн сайхныхаа төлөө хадгалж, хуримтлуулж болно. Ядахдаа л хотынхныг стрессдүүлдэг замын түгжрэл тэнд үгүй учир цаг хожих жишээтэй.
-Залуу жүжигчдэд хүссэн уран бүтээлээ хийх орон зай хэр байна вэ?
-Бидэнд боломж дүүрэн байна. Үнэхээр орон нутгийн театрт ирж, ажиллах чин хүсэлтэй залуус олон байгаасай. Энд хөгжил байна. Манай театр бусад театраас дутахааргүй урын сан, уран бүтээлийн бодлоготой.
-Та тэгвэл залуу уран бүтээлчдийг уриалаач?
-Өнөөдөр жүжигчин мэргэжлээр олон сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. Залуу уран бүтээлчид бүгд УДЭТ-т ч юм уу, хотод мэргэжлийн байгууллагад ажиллана гэдэг хэцүү. Тиймээс зөвхөн хот гэлтгүй орон нутгийн театраа сонгоорой. Хамтдаа хөдөлмөрлөе гэж уриалмаар байна даа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин