Ч.ТУЛГА
ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид манай оронд ирлээ. Тэд өчигдөр орос хүний мөн чанарын тухай өгүүлсэн “Оросын гайхамшиг” жүжгээ толилуулсан бол өнөөдөр бяцхан үзэгчдэдээ зориулж “Аладины шидэт дэнлүү” бүтээлээр бэлэг барих юм. Тус театр 78 жилийн түүхтэй. Одоогоор байнга тоглогддог 30 гаруй бүтээлтэй аж. Жүжигчин Юлия Просянниковагаас Монголд ирсэн сэтгэгдлийг нь асуухад “Бид 1400 км-ийг туулж, замдаа их ядарсан. Харин танай сайхан орон хаврын зөөлөн бороотой биднийг угтлаа. Монгол хүмүүс их элгэмсүү бололтой. Үргэлж инээмсэглэх юм” гэв. Харин жүжигчин Алексей Терехин “Танайх орчин үеийн их сайхан хоттойгоос гадна авьяаслаг уран бүтээлчдээр дүүрсэн театртай юм байна. Манай хоёр театрынхан хамтран ажиллах, туршлага солилцох шинэ зам нээгдлээ гэж бодож байна. Танай уран бүтээлчдийг төрөлх театртаа урьж байна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин