М.БААСАНДЭЛГЭР
Манай улс хүнсний ногооныхоо 50-60 хувийг дотоодоосоо хангадаг. Тэгэхээр үлдсэн хувь нь БНХАУ-аас орж ирдэг гэсэн үг. Өнөөдрийн байдлаар “Барс” зах дээр Жаргалантын төмс 1100, Буриад төмс 1200 төгрөгөөр зарагдаж байна. Харин хятад төмс, голланд төмс гэсэн лангуу байсангүй. Хятад байцаа 1500, монгол нь 1800-2000, хятад сонгино 1500, монгол 2300-2500, сармис 3000-3500 төгрөгийн үнэтэй байв. Хүнсний ногоонууд дундаас лууван, манжингийн үнэ нэлээд өсчээ. Лууван 2000-2500, манжин 3500 төгрөгийн үнэтэй байна. Харин жижиг зах, хүнсний дэлгүүрт төмс ижил үнэтэй, бусад нь “Барс” захаас хямд байлаа. ХУД-ийн “Буянт Ухаа” хүнсний захад лууван 1700, байцаа 1600, манжин 2500-3000, сонгино 1500-2000 төгрөгөөр зарагдаж байна. Худалдагчид хэлэхдээ төмс, манжингаас бусад нь урдаас орж ирж байгаа, бүх лангуу адилхан гэв. Ногооны үнэ өнгөрсөн сараас өсч эхэлсэн байна. Үүнээс харахад хүнсний ногоо үнэтэй, цаашдаа ч өсөх хандлагатай байгаа юм. Хамгийн гол нь үнэтэй байгаа хэдий ч цэвэр монгол ногоо биш. Хүнсний ногоогоо 100 хувь дотооддоо хангах боломжийн талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. Тэрээр “2020 он гэхэд хүнсний ногоог 100 хувь дотоодоосоо хангана гэсэн зорилт тавьсан байгаа. Хамгийн гол нь төв суурин газар болон орон нутагт түшиглэн зоорь, агуулах барих асуудлыг шийдэх ёстой. БНСУ-ын Сөүл хотын захиргаатай хамтран хүнсний ногооны борлуулалтын тогтолцоог бий болгох томоохон цогцолбор барихаар зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Үүнийг хийсний дараа байнгын борлуулалтын сүлжээ бий болж жигд борлуулалт хийж чадна гэж үзэж байгаа” гэсэн юм.
Хүнсний ногоог асуудалгүй тарьж хураадаг. Харин хадгалж, нөөцлөх боломж муу байдгийг худалдагчид хэлж байлаа. Мөн урд хөршөөс орж ирж байгаа ногоо хямд үнэтэй байдаг учир иргэд монгол ногоог хэт үнэтэй зарж байна гэсэн асуудал гардаг байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин