М.БААСАНДЭЛГЭР                                       

Багшлах боловсон хүчин бэлтгэх үйлсийн анхдагч уурхай болж 95 жилийн түүхээ угтаж буй Багшийн сургуулийн хамт олон “Эрдмийн түлхүүр-Багш” сэдэвт бага боловсролын багшлахуйн ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Уралдааныг Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан нээж, оролцогчдод амжилт хүслээ.

Энэхүү ур чадварын уралдааны зорилго нь бага боловсролын багш бэлтгэх сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, бага боловсролын багш бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэх юм. Мөн энэ чиглэлээр санал бодлоо уралдуулж, оролцогч талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлоход оршино гэж зохион байгуулагчид хэлэв.

Тус уралдаан, хэлэлцүүлэгт манай улсад байгаа бага боловсролын багш бэлтгэж буй төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн төлөөлөл болж Архангайн багшийн сургууль, МҮИС, ОУИЗИС, “Идэр”, “Хангай”, “Маргад” дээд сургууль болон МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнууд оролцож заах арга зүй, илтгэх урлаг, мэндчилгээ гэсэн төрлөөр ур чадвараа сорино. Сургууль тус бүрээс шалгарсан 1 багш, 1 оюутан эцсийн шатанд өрсөлдөнө.

Бага боловсролын чанарын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ нөхцөлд анх удаа болж байгаа нь энэ уралдааны онцлог юм.

Эх сурвалж: www.polit.mn