Д.НАДМИД
Олон улсын жүдо бөхийн холбоо тив, дэлхийд болсон цуврал тэмцээнүүдийн дүнг харгалзан жүдочдын дэлхийн чансааг шинэчилдэг уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 26-ны өдөр дэлхийн чансааны шинэчлэлийг зарлав. Уг чансааны үзүүлэлтээс харахад олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн жүдочдоос хамгийн өндөр оноог авсан байна. Энэ нь дэлхийн дээд амжилтыг Монголын тамирчин эзэмшиж байгаа гэсэн үг юм. Түүний авсан 7237 оноо бол урьд өмнө нь хэн нэг тамирчин авч байгаагүй өндөр үзүүлэлт аж. Дэлхийн шинэчилсэн чансаагаар долоон жинд тэргүүлэгчдийн оноог сонирхуулбал эмэгтэй жүдочдын 48 кг-ын жинд Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 5970, 52 кг-д Эрика Миранда (Бразил) 5340, 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) 7237, 63 кг-д Тина Трстеняк (Словен) 5375, 70 кг-д Мария Портело (Бразил) 5271, -78 кг-д Гуусье Стийнхаус (Нидерланд) 5500, 78 кг-д Ким Мон Жон (БНСУ) 5420 оноогоор тус тус тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Рюжи Нагаяма (Япон) 5080, 66 кг-д Хифиму Абэ (Япон) 5000, 73 кг-д Сончи Хашимото (Япон) 6650, 81 кг-д Хасан Халмурзаев (ОХУ) 4850, 90 кг-д Александр Куколж (Серб) 5011, -100 кг-д Варлам Липерталиани (Гүрж) 5800, +100 кг-д Давид Моура (Бразил) 5565 оноогоор жин бүрийнхээ нэгд бичигдсэн байна. Бас нэгэн онцлогийг хэлбэл, Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг өрсөлдөгчөөсөө онооны ялгаагаар хол тэргүүлж яваа бол Японы Соичи Хашимото эрэгтэй жүдочдыг манлайлжээ.
ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА ГЭЖ ХЭН БЭ?
Доорхи таван асуултад түүнийг хэрхэн хариулсныг сонирхоорой.
-Та монгол түмнийхээ хамгийн хайртай тамирчин болжээ. Сая бас чансаагаар дэлхийд тэргүүллээ?
-Ямар ч амжилт, шагнал араасаа хариуцлага дагуулдаг. Үүнийг тамирчин хүн умартах ёсгүй гэж би чанд бодож, ойлгож явдаг даа.
-Олонхи алдартай тамирчид олимпоос медаль хүртсэнийхээ дараа ДАШТ-д өндөр амжилт гаргадаггүй гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгвэл өөрийн чинь хувьд дэлхийн аварга болсон амжилт бас онцгой юм шиг...?
-Тамирчин бүр өөр. Бүгд цор ганц хувь гэж болно. Би ч, чи ч дахин давтагдашгүй бодьгал шүү дээ. Харин зорилготой, түүндээ хүрэх бүрэн итгэлтэй байвал амжилт аяндаа ирдэг. Миний хувьд амжилт гаргалаа гэж цээжээ дэлддэггүй, хүмүүс шүүмжиллээ гээд сэтгэлээр унадаггүй. Ерөөсөө байгаа минь тэр.
-Өөрөө нэг удаа ярилцлагадаа “Би наймын тоог билэгддэг” гэсэн байсан. Учир нь...?
-Миний гол, гол амжилт авчирсан барилдаанд найманд таарсан. Бас “Рио-2016” олимпийн үеэр тамирчдын зургийг цувралаар нийтлэхэд найм дахь нь минийх байсан.
-Та Будапештийн дэвжээнд дэлхийн аварга болохдоо Японы алдарт бөх Цукаса Ёшидаг ялж тэдний багийн алтан медалийн цувралыг зогсоосон гэдэг?
-Тийм ээ. Өмнө нь би Ц.Ёшидад гурав ялагдаж байсан. Гэвч дахин ялагдахгүй юм шүү гэж өөртөө өндөр шаардлага тавьж байсан. Бас олимпоос алтан медаль авч чадаагүйн хор шар нөлөөлсөн биз.
-Одоо өөрт чинь Токиогийн олимпоос алтан медаль хүртэх чин зорилго байгаа болов уу. Энэ зорилгодоо хүрэх арга техникээ хэрхэн боловсруулж байна вэ?
-Энэ нууц хэвээрээ байг. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Бэлтгэлээ сайн хийж, бэртэл гэмтлээс хол байхыг л эрхэмлэж байна. Хэдхэн хоногийн дараа токиогийн олимп болох гэж буй мэт мэдрэмж төрөөд байх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин