М.ТИЛЕГЕН

 

Уржигдар шөнө хөлбөмбөгийн Европын Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Энэ өдөр E, F, G, H хэсгүүдийн тоглолт болов.

“ЧЕЛСИ” ХОЖИГДОЖ, “ЮВЕНТУС” ДАНИЙН БАГТАЙ ТЭНЦЭВ

“Нордшеллан” (Дани) - “Ювентус” (Итали) 1-1.

Гоол: Бекманн 50 (1-0), Вучинич 81(1-1).

Копенгаген. “Паркен” цэнгэлдэх хүрээлэн.

Шүүгч: Дениз Айтекин (Герман).

E хэсэгт Италийн аварга “Ювентус” Данийн “Нордшеллан” багтай 1:1-ээр тэнцэв. Мэргэжилтнүүд Италийн клуб ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байсан ч Данийн баг талбайдаа гайхалтай сайн тоглолоо. Тоглолтын эхний үед нэг ч гоол орсонгүй. Харин хоёрдугаар үеийн 50 дахь минутад “Норшеллан”-ы Бекманн тоглолтын эхний бөмбөгийг оруулав. Харин 81 дэхь минутад Вучинич тэнцээний гоолыг оруулс­наар Италийн баг нэг оноотой нутаг буцжээ.

“Шахтер”(Украин)- “Челси” (Англи) 2-1

Гоол: Тейшейра 3 (1-0), Фернандиньо 52 (2-0),

Оскар 89 (2-1)

Донецк. “Донбасс-Арена” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Дамир Скомина. (Словени)

Харин өнгөрсөн улир­лын аварга Лондоны “Челси” багийн хувьд энэ долоо хоног хүндхэн байх төлөвтэй. “Язгууртнууд” Украинд зочлон тоглож Донецкийн “Шахтер”-д 1:2-ын харьцаагаар ялагдал хүлээлээ. Талбайн эздээс гурав дахь минутад Тейшейра, 52 дахь минутад Фердинандо нар гоолдож, 88 дахь минутад Оскар “Шахтер”-ын хаал­ганд бөмбөг оруулсан ч энэ нь хангалтгүй байлаа. “Челси” энэ долоо хоно­гийн сүүлчээр Английн премьер лигийн ээлжит тоглолтоо “Манчестер Юнайтед”-тэй хийнэ. Лон­доны баг Аваргуудын лигт маш тааруухан тоглож байна. Тэд Данийн багийг ялж, “Ювентус”-тэй тэнцсэн. Гурван тойргийн дараахь байдлаар Е хэс­гийг “Шах­тер” 7 оноотой тэргүүлж, “Челси” 4 оноо­той удаалж, “Ювентус” 3 оноо­той ард нь бичигдэж байна. Харин Данийн баг ганц оноотой хэсгийн сүүл мушгиж явна.

СОЛЬДАДО БЕЛАРУСЬ “ТРАКТОР”-ЫГ ЖАГСААЛААС ГАРГАВ

БАТЭ (Беларусь) – Валенси (Испани) 0-3

Гоол: Сольдадо 45+1 (0-1), Сольдадо 53 (0-2), Сольдадо 65 (0-3).

Минск. “Динамо” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Крэйг Томсон (Шотланд)

F хэсгийн тоглолтууд тун сонирхолтой болов. Хоёрдугаар тойрогт Германы алдарт “Вавари” Мюнхенийг 3:1-ээр ялж шуугиулсан Беларусийн “БАТЭ” энэ удаа талбайдаа Испанийн “Валенси”-д 0-3-аар бут ниргүүлэв. Өнгөрсөн зунаас хойш ялагдал амсаагүй байсан Беларусь “трактор”-ыг Испанийн багийн тоглогч Сольдадо жагсаалаас гаргав. Тэрээр тоглолтын 46, 53, 65 минутад гоол оруулж “хэт-трик” хийснээр Беларусийн багийн ялалтын цувралыг зогсоов. Германы багийг амархан ялж байсан “БАТЭ” энэ удаа их муу тогложээ.

“Лилль” (Франц) – “Бавари”(Герман) 0-1

Гоол: Мюллер 20 (0-1) торгуулийн цохилтоор.

Лилль. “Лилль Метрополь” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Мартин Аткинсон (Англи)

Германы “Бавари Мюнхен” Францад зочлон тоглож “Лилль” багийг 1:0-ээр хожив. Тоглолтын ганц бөмбөгийг 20 минутад Томас Мюллер 11 метрийн торгуулийн цохилтоор оруулав. Хоёр багийн тоглолт тэнцүүхэн өрнөсөн ч бөмбөг эзэмшилтээр Германы баг илүү байв. F хэсэгт одоогоор “Лилль” ганц ч оноо аваагүй бол бусад гурван баг тус бүр 6 оноотой явж байна.

“СПАРТАК” ЭХНИЙ ОНООГОО АВАВ

“Спартак” (ОХУ) - “Бенфика” (Португал) 2-1

Гоол: Кариока 3 (1-0), Лима 33 (1-1),  Жардел  43 өөрийн хаалганд (2-1).

Москва. “Лужники” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Марк Клаттенбург (Англи)

G хэсэгт нэг ч оноогүй сүүл мушгиж явсан ОХУ-ын “Спартак” баг талбайдаа чухал ялалт байгуулж эхний оноогоо авав. Тэд уржигдар шөнө Португалийн “Бенфика”-г 2:1-ээр буулгаж авчээ. Өмнөх тойрогт өөрийн талбайдаа Шотландын “Селтик” хожигдсон Оросын баг энэ удаад чамбай тоглолоо. Эхний гоолыг тоглолт эхлэнгүүт талбайн эздээс Кариока оруулсан. Гэсэн ч зочдоос 33 дахь минутад Лима бөм­бөг оруулснаар тоглол­тын харьцааг тэнцүүлжээ. Гэсэн ч 43 дахь минутад Оросын багийн довтолгоог таслах гэсэн Жардел өөрийн хаалгандаа гоол оруулснаар “Спартак” ялалт байгуулах боломжтой болжээ.

“Барселона” (Испани) – “Селтик” (Шотланд) 2-1

Гоол: Самарас 18 (0-1), Иньеста 45 (1-1),

Альба 90+1 (2-1)

Барселона. “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Жанлука Рокки (Итали).

Испаний “Барселона” баг талбай дээрээ тун хүндхэн ялалт авлаа. Тэд Шотландын “Селтик”-тэй тоглож 18 дахь минутад хаалгандаа гоол алдсан ч 45 дахь минутад А.Иньеста тоглолтыг тэнцүүлэв. Тоглолтын үндсэн цаг дуусаад шүүгчийн мэдлийн нэмэлт минутад Х.Альбагын оруулсан гоолын ачаар гурван оноо авч чадлаа. Гурван тоглолтын дараа хэсгийг “Барса” 9 оноотой тэргүүлж, “Селтик” 4, “Спартак” Москва 3, “Бенфика” 1 оноотой явна.

“Манчестер Юнайтед” (Англи)-“Брага” (Португал) 3-2

Гоол: Алан 2 (0-1), Алан 20 (0-2), Эрнандес 25 (1-2), Эванс 62 (2-2), Эрнандес 76 (3-2)

Манечестер. “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Милорад Мажич (Серби)

“Манчестер Юнайтед” талбайдаа гайхалтай ялалт байгуулав. Тоглолт эхлээд л зочид ширүүн довтолж санаачилгыг гартаа авав. Дөнгөж эхний 20 минут гэхэд Португалийн баг “Улаан чөтгөрүүдийн” хаалганд хоёр бөмбөг оруулсан юм. Талбай дээрээ 2:0-р хожигдож явсан “МанЮ”-гаас 25, 75 дахь минутад Эрнандес дубль хийн, 62 дахь мину­тад Эванс гоолдсоноор тоглолтын хувь заяаг эргүүлж Английн баг гурав дахь ялалтаа байгууллаа. Зочдоос Алан мөн дубльдсэн юм.

“Галатасарай” (Турк) - “ЧФР” (Румын) 1-1

Гоол: Нункеу 19 өөрийн хаалганд (0-1), Йылмаз 77 (1-1)

Станбул. “Али Сами Йен” цэнгэлдэх хүрээлэн. Шүүгч: Паоло Тальявенто (Итали)

Туркийн баг ээлжит удаа муу тоглолтоо үзүүлж талбайдаа Румыны багтай оноо хуваалцав. H хэсгийг Английн “Манчестер Юнайтед” баг 9 оноотой тэргүүлж байна. Румыны “ЧФР” дөрөв, Португалийн “Брага” гурван оноотой явна. Харин Туркийн баг ганцхан оноотой сүүл мушгиж байна.