Х.ОЮУНБОЛД
Сүүлийн жилүүдэд Монголд оюун ухааны ой тогтоолтын спорт хөгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ спортоор хичээллэдэг тамирчид олон улсын ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцож, айргийн тавд багтдаг болсоор удаж байгаа. Тухайлбал, ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Жакартад болсон олон улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилтаараа Гиннесийн номонд бүртгэгдсэн. Тэгвэл энэ спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол, Японы төвийн зааланд хоёр өдөр боллоо. Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Манай академиас жил бүр оюун ухааны ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг VIII дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь урьдчилсан шатны шалгаруулалтад Улаанбаатар, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгаас шалгарсан 80 тамирчин гурван насны ангилалд 10 төрлөөр өрсөлдсөн юм. Тамирчдын 15 нь улсын цол зэрэгтэй байв. Тухайлбал, олон улсын их мастер гурав, их мастер гурав, олон улсын мастер зургаа, Азийн мастер гурван тамирчин өрсөлдөж байна. Мөн анх удаа оролцож байгаа тамирчид ч байлаа. Тэмцээний эхний өдөр долоон төрөл явагдаж гурван тамирчин дэлхийн амжилтыг шинэчилсэн байна. Мөн нас насны ангилалд эхний гурван байр эзэлсэн тамирчнаа тодруулна” гэв. Тэрээр тэмцээний оноог их хатуу дүгнэж байгаа. Тухайлбал, өгөгдсөн хугацаанд тухайн эгнээнд байгаа бүх тоог алдаагүй санасан тохиолдолд 30 оноо өгнө. Харин нэг тоо алдвал 15, хоёрыг алдвал бүх оноог нь хасна гэлээ. Энэ тэмцээнээс ирээдүйд олон улсын чанартай ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодроод явж байгаа гэсэн юм. Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа Э.Лхагвадуламын ээж 3. Энхтуяа “Манай хүүхэд одоогийн байдлаар тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн нэгд явж байна. Өчигдрийн тэмцээний долоон төрлөөс таван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна. Харин өнөөдрийн гурван төрлийн хоёрт нь гайгүй үзүүлэлттэй нэгэнд нь жаахан тааруухан үзүүлэлттэй явж байна” гэв. Тэмцээнд Зүүнхараагаас оролцож байгаа тамирчин П.Хулан “Анх удаа дэлхийн аваргуудтай өрсөлдөж байгаа болохоор жаахан сүрдэж, сандарч байна. Гэхдээ чадахаараа даалгавраа хийж байна. Сая зураг төрлийн ой тогтоолтын тэмцээнд оролцоод гарч ирлээ. Энэ спортоор хичээллэдэг байсан манай дүү намайг орооч гэдэг байсан. Нэг өдөр очоод таалагдаад энэ спортоор хичээллэх болсон” гэж ярилаа. Тэрээр цаашид энэ спортоор хичээллэнэ. Энэ их гоё спорт гэв. Оюун ухааны ой тогтоолтын тэмцээнд нийт оноогоор бага насны ангилалд тэргүүн байрыг 3535 оноогоор Ш. Наранбаатар, дунд насны ангилалд 7447 оноогоор олон улсын их мастер Э.Лхагвадулам, насанд хүрэгчдийн ангилалд 6170 оноогоор олон улсын их мастер Э.Пүрэвжав нар түрүүлж цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Харин оюун ухааны ой тогтоолтын дараагийн тэмцээн долдугаар сард болох юм байна.
Эх сурвалж: www.polit.mn