Д.Цэрэн
Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын Харү башё Японы Осака хотноо болж өнгөрсөн ням гаригт өндөрлөв. Энэ башёд Монголын 22 сүмоч зургаан зиндаанд өрсөлдсөн юм. Тэгвэл макүүчий буюу дээд зиндаанд зургаан бөх барилдан сүмогийн 71 дэх аварга Какирюү М.Ананд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа гардав.
Энэ түрүү нь Монгол бөхийн 80 дахь түрүү гэдгээрээ бас онцлог юм. Хакүхо, Кисеносато нар гэмтлийн улмаас зодоглоогүй учир Какирюү аваргуудыг төлөөлж ганцаараа барилдсан юм. Энэ удаа озеки Такиясү, секиваке Точиношин хоёрт унасныг эс тооцвол сайн барилдаж түрүүллээ. Энэ нь амжилт гэж болно. Яагаад амжилтад тооцов гэвэл өмнөх башёд уналгүй 10 даваатай явж байгаад дөрөв дараалан унаж башёгийн түрүүг маэгэшира цолтонд алдсан алдаагаа засч чадсанд байгаа юм. Какирюү цом гардан авах үеэр хэлэхдээ:
-Би найман башёгийн дараа дахин түрүү авлаа. Олон ч удаа барилдаан өнжсөн. Тэр үед сэтгэл санаа их хэцүү байсан. Энэ удаа залуу бөх шиг өөрийгөө хурцалж барилдъя гэж бодсон. Зорилго биеллээ. Баяртай байна. Жаахан ядарсан. Нэгдүгээр сарын башёд түрүүлж чадаагүйгээ энэ башёд нөхөж чадлаа. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа гэсэн юм.
Энэ башёд комүсүби цолтой зодоглосон Ичиножёо А.Ичинноров, барууны тавд эрэмбэтэй зодоглосон Тамаваши Б.Мөнх-Оргил нар есөн даваатайгаар тэмцээн дуусгаж цол ахих боломжоо хангасан юм. Зүүний 10-т бичигдсэн Чиёошома Г.Мөнхсайхан олон сайхан барилдаан үзүүлж мөн ес давав. Харин тун дээгүүр эрэмбэтэй явсан Араваши Э.Дөлгөөн ердөө хоёрхон давж тааруухан наадав. Бас мэргэжлийн сүмогийн Харү башёд 22 бөхөөс 12 нь тавин хувийн амжилтаа үзүүлсэн гэсэн мэдээ байналээ. Жүрьёо зиндааны зарим сониноос дуулгахад Таканоива Баасандорж тавин хувиа биелүүлсэн бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар нар зургаа, долоо давжээ.