А.ЦЭРЭНДОРЖ
Өнгөрсөн Ням гарагт Хьюстен Рокетс, Миннесота Тимберволвес багууд улирлын ээлжит нэгэн тоглолтоо хийж, Рокетс баг 129-120 харьцаатай хожил байгуулсан билээ. Тус тоглолтын үеэр Тимберволвес багийн довтлогч Горгуй Диэнг бөмбөгний араас тэмцэх үедээ Рокетс багийн хамгаалагч Крис Полыг түлхэн унагаасан юм. Тэр үед Жэралд Грийн багийн тоглогчоо өмөөрөн Горгуй Диэнг рүү дайрсан. Улмаар шүүгчид болон албаны хүмүүс тоглогчдыг салгасан билээ. Шүүгчид тэр даруй Жэралд Грийнд техникийн алдаа өгч, тоглолтоос хөөсөн. NBA- гийн сахилга батын хороо түүний үйлдэлд мөнгөн торгууль ногдуулах нь тодорхой юм. Хамгийн сүүлд Жаред Дадли, Маркуйс Крис нар талбай дээр эсрэг багийн тоглогчийг түлхсэнийхээ төлөө тус бүр 25 мянган ам.доллароор торгуулсан. Крис Пол Жэралд Грийний тэрхүү үйлдэлд талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд хэдэн ч ам.долларын торгууль ирсэн түүнийг нь төлөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. Крис Пол энэ улиралд 23 сая долларын цалин авч байгаа бол Жэралд Грийн 1.4 сая долларын цалинг Хьюстен Рокетс багаас авч байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn