Д.ЦЭРЭН
Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо болж байна. Энэ тэмцээний найм дахь өдрийн дараа аварга Какирюү М.Ананд, маэгаширагийн зургаагаас босч барилдаж байгаа Кайсей нар уналгүйгээр найм давж тавин хувийн амжилтаа үзүүлээд байна. Тэдний араас долоон даваатай ганц бөх Дайамамигаас өөр тун ойр нэхэж яваа бөх алга. Харин озеки Такиясү, Гоэйдо, комүсүби Ичиножёо, өмнөх башёгийн түрүү бөх Точиношин нарын таван сүмоч зургаан даваатай байгаа юм. Тиймээс тэмцээнийг тэргүүлж яваа хоёрт түрүүлэх магадлал байж болох. Энэ найдварыг биелүүлэх бөхөөр Какирюүг нэрлэж байна. Гэхдээ тэр нэгдүгээр сарын тэмцээнд есөн даваа аваад байснаа баруун хөлийнх нь шагай гэмтснээс дараалан дөрөв унаж түрүүлэх боломжоо алдсан юм. Тэгээд мэс засалд орсноосоо хойш тун удаагүй болохоор дахин тийм шалтгаан тохиолдохыг байг гэх газаргүй гэж ояката нар хэлж байгаа аж.
Кайсейгийн хувьд тэмцээний эхэнд анх удаа найман даваатай яваа ч энэ эрчээрээ түрүүлэх нь гэж хэлэх хүн ховор байна лээ. Тэр анх дээд зиндаанд гарч ирээд хоёр башё дараалан есөн даваатай дайчин барилдааны шагнал хүртэж байсан удаа бий ч түүнээс хойш төдийлэн сайн барилдаагүй өдий хүрсэн юм. Ямартай ч энэ удаад ч гадаад сүмочдын амжилт л илүүтэй байна. Нэгдүгээр сарын түрүү бөх Точиношин хоёр уначихаад байгаа ч 10-аас дээш даваа авсан нөхцөлд озеки цолд яригдах магадлалтай гэнэлээ.
Бас Какирюүгээс бусад аваргууд башёг өнжсөн үед хэн нэгэн бөхөд түрүүлэх боломж олдож магадгүйг сүүлийн хоёр тэмцээний явц харуулж байна. Монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөв, Чиёошома Г.Мөнхсайхан гурван даваатай яваа бол Араваши Э.Дөлгөөн даваа авч чадаагүй явна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин