Д.НАДМИД

 ОХУ-ын Улаан-Үд хот­ноо Буриадын ерөн­хий­лөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэй­чүү­дийн олон улсын тэм­цээн болж өндөрлөв. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын барилдаан болж манай баг, тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна. Тэднээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэх­баяр 57 кг-д таван ялалт байгуулснаар алтан меда­лийн эзэн болов.

Тэрээр Герман, Испанид болсон Гранпригаас эхлээд Дан Колов, Дмитрий Коркин, Тактын цом, “Монголиа опензэрэг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуанлид багтдагАзэрэглэлийн тэмцээ­нээс 12 дахь түрүүгээ аваад байгаа юм. Тэгвэл ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандах­наран, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Ө.Батзул нар жин­дээ мөнгө, ОУХМ Б.Бат­магнай, О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний сүүлчийн өдөр 61, 70, 79, 125 кг-ын барилдаан болов. Тэднээс Н.Золбоо, Б.Өлзийсайхан нар хүрэл медалийн болзол хангажээ. Зөвхөн эрэгтэй­чүү­дийн ангиллаар болдог уламжлалт энэ тэм­цээ­нээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл найман медальтай ирлээ. “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай сүүлийн дөр­вөн жил дараалан энэ тэм­цээнээс хүрэл ме­даль авч буй юм. Тэгвэл 65 кг-д ОУХМ Т.Тулга, 97 кг-д спортын мастер Б.Одсүрэн, 74 кг-д спортын мастер З.Сумъяа­базар нар хагас шиг­шээд ялагдсанаар V байр эзэлсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин