Г.НАСАНБААТАР

MNBA Үндэсний лигийн 2017-2018 оны улирлын  аваргаар Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг шалгарлаа. Цувралын зургаа дахь тоглолтод 99:95 харьцаатай “Ховд Шонхорууд”-ыг буулган авсан юм. Аваргын төлөөх цувралын тоглолтыг Ховдчууд 2:0 –ээр тэргүүлж байсан ч дайчдын довтолгоог зогсоож чадалгүйгээр дэд байрт орлоо. Улмаар Дайчид Үндэсний лигийн  аваргаар хоёр жил дараалан тодорч буй энэ юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтод “Сүхбаатар Альянс Тех” 111:100 харьцаатай Төв  аймгийг буулган авч 21 аймгийн Үндэсний лигийн алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан цор ганц аймгийн шигшээ баг боллоо.

“Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн тоглогч Э.Цэвэлдорж  “Биднийг хөгжөөн дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Манай багийн хувьд гурван жил дараалан финалдаж хоёр удаагийн аварга, нэг удаагийн дэд аварга болсон амжилттай гурван улирлыг өнгөрүүллээ” гэв. Уг тоглолтын финалын үнэ цэнэтэй тоглогчоор “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн холбогч ОУХМ Г.Баттөр тодорсон юм.

Харин улирлын үнэ цэнэтэй тоглогчоор ФИБА 3х3 Азийн аваргын алтан медальт, MVP “Ховд Шонхорууд” багийн ахлагч Э.Дөлгөөн шалгарсан бол улирлын шилдэг хамгаалан тоглочоор “Архангай Алтан Дорнод Дайчид” багийн төвийн тоглогч О.Энхбаатар шалгарлаа.

Түүнчлэн 2017-2018 оны улирлын билэгдлийн таван тоглогчоор Ц.Отгонжаргал Г.Цэнгүүнбаяр, Б.Батзолбоо, Э.Цэвэлдорж, Д.Дэлгэрням нар нэрлэгдлээ. Монголын Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Аваргаа хамгаалсан Архангай Алтан Дорнодын Дайчид багт болон нийт оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе. Монголын шилдгүүд энэ зааланд тоглолоо. Үүнээс илүү шилдгүүд гэж байхгүй. Хамгийн шилдгийн шилдэг тамирчидтай энэ  тэмцээн амжилттай өндөрлөлөө” хэмээлээ.

 Эх сурвалж:www.polit.mn