Ч.Зотол
Б.ЛХАГВАСҮРЭН: ЭЭЖ БОЛ ОРЧЛОНД ИРЭХДЭЭ ДУУДААД, ТӨГСГӨЛД БАС ДУУДДАГ ТОМ НЭР,ТОМ ХАЙР,ТОМ ТҮШИГ
Polit.mn сайт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ныг угтан олны танил эрхмүүдийн ээжийнхээ тухай болон эмэгтэйчүүдийн талаар хэлсэн шилдэг эшлэлүүдийг хүргэж байна. Энэ удаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн ээжийгээ дурссан шилдэг 15 эшлэлийг хүргэж байна.
-Эхийн тухай дурсамж миний бие сэтгэл, ухаанд байдаг хамгийн гэгээн хөндүүр юм. Хөндүүр хаана байна гээд яривал, ижийнхээ тухай санах, ижийгээ боддог газар л хамгийн их хөндүүр.
- Би ижийдээ насны баяраас гадна насны зовлон авчирсан шиг байгаа юм. Төрөлтөөс үлдсэн өвчтэй ижий минь үргэлж зовсоор 44 –тэй өөд болсон.
-Өвчинд шаналсан ижийнхээ дэргэд өссөн болохоор би бусдын зовлонг эрт мэдэрсэн. Ижийнхээ дэргэд, зовлонгийн хажууд өссөн тулдаа би өдий зэрэгтэй хүн болсон.
-Миний ижий сурган хүмүүжүүлэгч, том сургаал айлдагч байгаагүй. Хүнтэй яаж харилцдаг, энэ орчлонг юу гэж ойлгодгийн зах сэжүүр, бусдыг хайрлах өрөвчхөн сэтгэл нь хүүдээ хандсан битүүхэн сургамж байсан болов уу.
-Ижийтэй зүйрлэх юм энэ орчлонд байхгүй.
-Өтөлтлөө ижийтэйгээ явж байгаа хүнийг харахад ямар азтай юм бэ гэсэн бодол төрдөг.
-Би гурван жил өнжөөд л ижийдээ зориулж дуу хийдэг. “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Зүүдний говь”, “Мартаж яасан ч чадахгүй нь” дуугаа би ижийдээ л зориулсан. Олон шүлэг бичсэн дээ. “Ижийтэйгээ үзсэн наадам”, “Ижийтэйгээ байхад баян байсан” гээд.
-Надаас хойш ач нар нь дурсах байлгүй. Ижийг минь хайрлах хайр үргэлжлээсэй гэж боддог.
-Ижийнхээ сэтгэлийг амар байлгах гэж том зүйл. Сэтгэлийг нь амар байлгаж, магадгүй өөрөө дутаж явахдаа ижийгээ дутаахгүй амьдраасай.
-Хүн ижийгээ байхад хайрлаж чаддаггүй юм. Өөрөө хайрлуулсаар байгаад дуусдаг.
-Амьдралын аль зөөлөн, аль нинжин бүхэн эмэгтэй хүний нуруун дээр байдаг.
-Эрчүүддээ хааяа жаахан аятайхан байгаач дээ. Бие биеэ хайрлаж байгаач. Ядахдаа хажуудах ханиа хайрлаж сураач.
-Ижийтэйгээ голын захад сууж байсан. Хамт аргал түүж явсан мөчүүдийг бүгдийг өчигдөрхөн мэт тод санадаг. Түүн шиг нүд, тархинд үргэлжилж буй гоё зураглалыг хаанаас ч олж үзсэнгүй.
. Ээж бол энэ орчлонд эхэлж ирэхдээ дуудаад төгсгөлдөө дууддаг тийм том нэр, том хайр, том түшиг мөн.
Эх сурвалж: POLIT.MN