Ч.ГАНТУЛГА
Монголын сонгодог урлаг хагас зуун жилийн түүхтэй. Бусад улстай харьцуулбал хөгжлийн зам нь богинохон ч хамгийн сонгодог хэлбэрээ хадгалж, эрчимтэй хөгжиж буй гэж судлаачид үздэг. Дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлийг анх ямар уран бүтээлчид амилуулж, үзэгчдэд хүргэж байсныг бид цувралаар хүргэж байна.
ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯАНЫ ЭЗЭН “ЭРВЭЭХЭЙ ХАТАН”
Ж.Пуччинийн алдарт “Чио Чио Сан” дуурийг дэлхийн томоохон театрууд тэр бүр зориглон тоглож чаддаггүй. Дорнын үзэсгэлэнт бүсгүйн хашийн тунгалаг царай эрвээхэй нүдэнд сэтгэл алдарсан Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон япон бүсгүй Чио Чио Сан хоёрын хайр дурлалын гунигт түүхийг энэ бүтээлд өгүүлдэг. Тус дуурийг 1904 онд анх Италийн Милан хотын театрт тогложээ. Харин “Чио Чио Сан” дуурьтай манай үзэгчид 1967 онд анх танилцсан байдаг. Тэгвэл Монголын анхны эрвээхэй хатан нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин М.Найдалмаа юм. Тэрээр япон бүсгүйн сэтгэлийн шаналал, харууслыг илүү тодотгон харуулахыг зорьжээ. Энэ тухайгаа “Зүс царай, кимона яаж өмсөх, япон бүсгүйн алхаа гишгээнээс эхлээд судлах зүйл их байсан. Мөн дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргах нь хамгийн чухал. Би япон бүсгүйн хайр сэтгэлдээ үнэнч байдал, сэтгэлийн гуниг шаналлыг нь илүү тод гаргахыг хичээсэн” гэж дурссан байна. Мөн өөрөө Ази эмэгтэй учир дүрээ амилуулахд илүү дөхөм байжээ.
[caption id="attachment_49539" align="aligncenter" width="550"] "Чио чио сан дуурь 1967 он[/caption]ГАЛ ЦОГТОЙ, ГАНДАН БУУРШГҮЙ КАРМЕН
Тамхины үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд өдрийн цагаар салхилахаар үйлдварийн гадна цуглав. Үзэсгэлэнт Кармен бүсгүй даашинзныхаа хормойг намируулсаар тайзнаа гарч ирэв. Энэ бол Францын суут хөгжмийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурийн эхлэл билээ. Энэ дуурийг 1875 онд анх Францын театрт тавьжээ. Харин манай УДБЭТ-ын тайзнаа 1984 онд анх “амьдарсан” түүхтэй. Харин халуун цуст үзэсгэлэнт бүсгүйн дүрд гавьяат жүжигчин Д.Баадайжав дуулснаар Монголын сонгодог урлагийн түүхэнд анхны Кармен хэмээн нэрээ мөнхөлжээ. Түүнийг 1970 онд Чайковскийн нэрэмжит IV уралдаанд оролцоход Оросын алдарт меццо-сопрано Ирина Архипова “Чи сайхан дууллаа. Монголын дуурийн тайзнаа Карменд дуулахыг чамд ерөөе” гэжээ. Түүний ерөөл биеллээ олж 14 жилийн дараа тэрээр гал цогтой, цыган бүсгүйн дүрд дуулсан юм. Энэ тухайгаа “Ч.Мөнхшүр бид хоёр анх Карменд дуулсан юм. Ч.Мөнхшүрийн хоолой их хүчтэй, түүний бүжиглээд дуулах ур чадварыг би Карменд бэлдэж байхдаа биширдэг байлаа. Кармен дуурийг 1984 онд тавихад театрын хамт олон надад гол дүрд дуулах итгэл хүлээлгэж билээ. Нэг удаа С.Гончигсумлаа гуай “Монголын Кармен орж ирлээ” гээд Арам Хачатурян тэргүүтэй гадаадын хөгжмийн зохиолчдын өмнө намайг хөөргөж байсан нь санаанаас гардаггүй” хэмээн дурссан нь бий.
[caption id="attachment_49541" align="aligncenter" width="550"] "Кармен" дуурь 1984 он[/caption]Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин