Г.НАСАНБААТАР

“MNBA” үндэсний лигийн аваргын төлөө өрсөлдөж буй “Ховд Шонхорууд”, “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн цувралын гуравдахь тоглолт өчигдөр болж 94-84 онооны зөрүүгээр Дайчид хожлоо. Уг тоглолтод бүх тоглогчдыг  “Ховд Шонхорууд” багийн  легионер тамирчин “BJ Young”   оноо авалтаар тэргүүлсэн ч баг нь хожигдсон юм. Харин хожил байгуулсан  Дайчид багаас  Jepp Newberry 23 оноогоор багаа тэргүүлж, ОУХМ  Б.Билгүүн 20 оноо авлаа. Тэрээр цувралын хоёрдахь  тоглолтонд 31 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн ч 115:118-аар баг нь  хожигдсон юм.  Харин  эсрэг багаас  “FIBA” 3х3 Азийн аваргын алтан медальт, үнэ цэнэтэй тоглогч  Энхбатын Дөлгөөн самбраас  бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Тэрээр  аваргын төлөөх цуврал гурван тоглолт дараалж 15-с дээш самбраас бөмбөг авалт хийж дабл дабл хийгээд байгаа аж. Мөн “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн холбон тоглогч ОУХМ О.Сэргэлэн 9 оновчтой дамжуулалт өгч бүх тоглогчдыг дамжуулалтаар тэргүүлсэн бол Jepp Newberry 8  оновчтой дамжуулалтаар удаах байранд оржээ. “Архангай Алтан Дорнодын Дайчид” өмнө жилээс хүчээ зузаатгасан нэг жишээ нь тэд энэ улиралд “SBL Хасын хүлгүүд” багаас ОУХМ  Б.Билгүүн, ОУХМ О.Сэргэлэн нарыг багтаа элсүүлсэн нь “Үндэсний лиг”-ийн аварга авах нэг шалтгаан болж буй. Цувралын  эхний хоёр тоглолтонд “Ховд Шонхорууд” баг хоёр дараалан хожил байгуулаад байсан юм. Харин гуравдахь тоглолт “Архангай Алтан Дорнодын Дайчид”-ын хувьд аварга авхаас илүү чухал тоглолт байлаа.  Тиймээс тэд тоглолтын эхнээс алдаа гаргахгүйн тулд хянуур тоглож цувралын эхний хожлоо авч чадсан. Хэрэв тэд  хожил авч чадаагүй бол  дараах тоглолтуудад хүнд байдалд орох нь тодорхой байсан. Уг  хоёр баг  хоорондоо таарах тоглолт бүрд үзэгчдийг шуугуулж сэтгэл огштол өрсөлдөөн гаргадаг том багууд гэдгийг сагсан бөмбөг сонирхогч хүн бүр мэднэ. Тэгвэл дараагийн тоглолтонд аль баг ялах нь  үзэгчдийн сэтгэлийг догдлуулсаар. Мөн цуврал  долоон тоглолт гарна хэмээн олон нийт шаагиж буй нь үнэний ортой. Дараагийн тоглолт энэ сарын 26-ний өдөр  “МҮЭСТО”-нд 19:00 цагаас болно.

28459306_735697103290415_1592854916_n

Эх сурвалж: www.polit.mn