“ПёнЧан-2018” өвлийн олимп эхэлснээс хойш нийт гурван орны тамирчнаас сэргээш болон түүнтэй ижил төрлийн бодис хэрэглэсэн тохиолдол гарсан. Олон улсын олимпийн хорооны шийдвэрээр тэдгээр тамирчдыг олимпийн хотхоныг орхиж явсан билээ. Японы тэшүүрчин Кэй Сайтогоос сэргээш илэрснээр тэр нутаг буцсан. Мөн Словенийн мөсөн хоккейн тамирчин Зига Жегличээс илэрснээр олимпийн хотхоныг орхисон. Харин олон улсын олимпийн хорооноос “Сочи-2014” өвлийн олимпод сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож шуугиан тарьсан ОХУ-ын тамирчдад хорооныхоо туган дор жагсч оролцох боломжийг олгосон. Гэвч керлингийн хосын төрөлд хүрэл медаль авсан ОХУ-ын тамирчин Александр Крушельницкий сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогджээ. Үүний улмаас тэд өчигдөр олон улсын олимпийн хороонд энэ наадмаас авсан хүрэл медалиа буцааж өгсөн байна. ОХУ-ын төлөөлөгчид кёрлингийн хосын төрөлд авсан хүрэл медалиа тамирчин Александр Крушельницкий, Анастасия Бризгалова нар буцаан өгч, олимпийн хотхоноос явсан гэж мэдэгджээ.Тэд хийсэн мэдэгдэлдээ өвлийн олимпийн үеэр хийсэн сэргээш хэрэглэснийг нь тогтоох шинжилгээний хариу баттай биш гэж онцолсон байна. Иймээс ОХУ-ын кёрлингийн холбооны удирдлагууд болон Александр Крушельницкий, Анастисия Бризгалова нар болсон бүх үйл явцыг тодруулах зорилгоор судалгааны ажилд оролцоно гэж мэдэгдлээ. Харин “Спортын арбитрын шүүх” ОХУ-ын хос тамирчдыг Александр Крушельницкий мелдониум хэрэглэсэн нь тогтоогдож, сэргээш хэрэглэхийн эсрэг дүрмийг зөрчсөнөө зөвшөөрснөө гаргасан мэдэгдэлдээ дурдсаны дараа хассан байна. Үүний улмаас Александр Крушельницкий олон улсын кёрлингийн холбооноос шийтгэл хүлээх магадлалтай аж. Гэхдээ тэрээр гэм буруугүй гэдгээ нотлохын тулд судалгааны ажлын хүрээнд бололцоотой бүхнийг хийх болно гэжээ. Харин ОХУ-ын спортын сайд Павел Коловков болон Кремлийн зүгээс тамирчинг цагаатгагдана. Түүнчлэн үүний улмаас ОХУ-ыг олимпийн гэр бүлд багтах эрхийг цуцлахгүй байх гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа оросууд олимпийн нээлтийн ажиллагаанд өөрийн орны тугийн дор жагсч оролцож чадаагүй шиг олон улсын олимпийн хороо тэднийг олимпийн хаалтын ажиллагаанд өөрийн орны тугийн дор жагсч оролцохыг хориглохоос айж байгаа юм. Үүнээс өмнө 2016 оны зургадугаар сард ОХУ-ын теннисчин Марья Шараповаг бие махбодь болон тархи толгойны чадавхийг нэмэгдүүлдэг мелдониум хэрэглэсэн шалтгаанаар тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хойшлуулж байжээ. Ерөнхийлөгч Владимир Путин энэ зүрх судасны эм нь сэргээшийн төрлийн бэлдмэл биш. Зөвхөн ажлын ачаалал ихэдсэн тохиолдолд зүрхний үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уудаг эм гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn