Т.САЙХАН

“Пёнчан-2018” Олимпийн наадмын гүйлтийн цанын уралдаан өндөрлөх шатандаа орлоо. Өчигдөр /02.21/ гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй багийн спринт төрлийн уралдаан болж медалийн эзэд тодорсон билээ. Эмэгтэй төрөлд АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд түрүүлж түүхэндээ анх удаагаа гүйлтийн цанын спортоор олимпийн аваргын алтан медалийг хүртэв. Тэгвэл эрэгтэй багийн спринт уралдаанд Норвегийн Мартин Йонсруд Сундбю болон Йоханнес Хёсфлот Клебо нар түрүүлж аваргын алтан медаль хүртлээ. Дэд байранд Оросын олимпийн баг тэргүүлэгчээс 1.71 сек-н алдагдалтай орсон бол хүрэл медалийг Францын баг хүртжээ. Урьдчилсан шатны уралдаанд Оросын баг 15 мин 58.84 сек-н амжилтаар тэргүүлсэн ч шигшээ уралдаанд Норвегийн залууст ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Харин Норвегийн шигшээ баг урьдчилсан шатны 24 багаас 5 дугаарт орох цагийн үзүүлэлтээр шигшээ уралдаанд шалгарсан. Тэгвэл Францын шигшээ баг энэ төрөлд анх удаагаа медаль хүртэж байна.

Эх сурвалж:www.olympic.mn