Ч.ГАНТУЛГА
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилгоор “Отгонтэнгэр хөгжил сан”-гаас “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын цэнгүүнийг маргааш зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Цэнгүүнд тус нутгаас төрсөн урлаг, соёлын алдартнууд оролцож ая дуугаа өргөхөөс гадна Завхан нутгийн хамба лам нар сүсэгтэн олонд жилийн засал ном айлдах юм байна. Энэ тухай тус арга хэмжээнд оролцож буй “Мандала” бурхан шашин соёлын төвийн тэргүүн С.Батбаяр “Энэ удаагийн шашин соёлын цэнгүүнд манай төв урилгаар оролцож байна. Шинийн 15-ны билэгт сайн өдөр бид 21 цам харайна. Цам нь хүний сэтгэлийг ариусгахаас гадна лус савдгаа баярлуулж, байгаль дэлхийгээ хайрлах, өв уламжлалаа дээдлэх бэлгэ дэмбэрэлтэй. 10 хангал бурхны дундаас Балданлхам бурхан ганцаараа охин тэнгэр юм. Тиймээс энэ өдөр хайр хайрын дотроос эмэгтэй хүний хайр агуу гэдэг утгаараа Балданлхам бурхан гоцолж бүжиглэнэ. Буян буяны дээд нь өглөгийн буян юм. Тиймээс Завхан нутгаас төрсөн алдартнууд энэ өдөр чин сэтгэлийн өглөгөө түмэнд түгээнэ” гэсэн юм. Гавьяат жүжигчин С.Батсүх “Миний хувьд урьсан цэнгүүн бүрт дуулахыг урьтал болгодоггүй. Харин энэ удаагийнх дуулаад өнгөрдөг цэнгүүн биш. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, буян номын даллага дуудсан гэгээн үдэш байх болно. Энэ өдөр би “Орчлонг хайрлаарай” дуугаа ард түмэнтэйгээ хамтарч дуулна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин