Аваргуудын Лигийн шөвгийн 16 эхний тоглолт өнгөрсөн шөнө болж Лионел Андрес Месси “Челси”-ийн эсрэг анхны гоол хийлээ. Уг тоглолт Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болж тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн юм. Тоглолтын эхний гоолыг 62 минутад жигүүрийн хагас хамгаалагч Виллиан хийж “Челси” тоглолтыг тэргүүлж эхлэв. Харин 75 дахь минутад дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Месси багийн ахлагч Андрес Иньестагийн мэдрэмжтэй дамжуулалтаар солгой хөлөөрөө гоол оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлж, үлдсэн хугацаанд аль ч баг гоол хийлгүй өндөрлөсөн юм.
Лионел Месси “Челси”-ийн эсрэг өмнө гоол оруулж байгаагүй аж. Энэ удаа өөрийн анхны гоолоо хийж багаа хожигдлоос аварч чадсан юм. Уг тоглолтонд Луис Суарес, Серхио Бускетс, Антонио Рюдигер, Альваро Мората нар шар хуудсаар торгуулсан юм. Түүхийг дурсвал “Барселона”, “Челси” Европын дэвжээнд 12 удаа учрахдаа нийт 36 гоол оруулж байсан аж. Хамгийн сүүлд 2012 онд аваргуудын лигт “Барса” “Челси” хагас шигшээд учирч, Дидье Дрогбагийн ачаар 1:0-ээр талбай дээрээ хожив. Хариу тоглолтод “Барса” 2:0-ээр хожиж явсан ч Бразил хагас хамгаалагч Рамирес “Цэнхэрүүд”-ийн аминд орсон юм. Тэрээр нэгдүгээр үеийн шүүгчийн мэдлийн цагт, баг нь хүн дутуу явах үед “Барса”-ын хаалагч Виктор Вальдесийн дээгүүр давуулан чухал бөмбөгийг хийсэн юм. Чухам энэ гоол орсны дараа “Барса” дахин гоол хийх шаардлагатай болж довтолгоонд анхаарсны улмаас хамгаалалтанд алдаа гаргаж Фернандо Торрес, урагшаа ганцаараа гарч хаалагчийг амжилттай хуурч гоол хийснээр Каталоны багт асар том саад болсон. Тэд буцаад довтлохыг хүссэн ч цаг хэдий оройтсон байлаа. Тэгвэл энэ удаагийн хоёр багийн эхний тоглолт эвийн гэрээгээр төгсөж, дараагийн тоглолтонд аль баг хожиж Аваргуудын Лигийг цааш үргэлжүүлэх вэ гэдэг нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Дараагийн тоглолт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Эх сурвалж: www.polit.mn