Б.ТУУЛ
Сар шинийн баярын үеэр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байхыг анхааруулсан байна.
Мөн хоол зуушийг зөв бэлтгэх, ахуйн хүрээнд ариун цэвэр сайтар сахихыг чухалчилжээ. Тухайлбал, махны модон дээрээ зууш бэлтгэхээс зайлсхийх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлах, гэртээ агаарын солилцоо оруулж, цонх салхивчийг нээхийг тусгасан байна.
Эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг аж. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг нэг бичил биетэн 20 минут тутамд хоёр болж хуваагддаг юм байна. Ингэж тооцвол нэг нян дөрвөн цагт 4096 ширхэг, найман цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үрждэг гэдгийг эмнэлгийнхэн тайлбарлав.
Иймээс зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд хоёр цагаас илүү хугацаанд байлгахаас зайлсхийхийг зөвлөж байна. Баярын өдрүүдэд улсын хэмжээний үйлчилгээтэй, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллажээ. Энэ сарын 19-нөөс эрүүл мэндийн байгууллагууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин