Ч.ҮЛ-ОЛДОХ

ШУА-ийн Палентологийн төвийн Сээр нуруутан судлах лабораторийн эрхлэгч, үлэг гүрвэл судлаач, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.

 

-”АНУ-ын Флорида мужийн  дуудлага худал­даагаар зарагдах гэж бай­сан Трабозавр батаа­рын ясаа бид  шүүхийн шийд­вэрээр буцааж авахаар  болсон.  Гэтэл түүнийг Америкт  хууль бусаар аваачсан  Эрик Прокопи гэгч Японоос оруулж ир­сэн төдийгүй олон газраас түүвэр маягаар цуглуулсан гэж мэдүүлснээр  нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх мэдээлэл цацагдсан ч сая л нэг юм асуудал нэг талдаа гарч байх шиг.  Энэ талаарх нарийн мэдээл­лийг танай хүрээлэн­гийнхэн  хамгийн түрүүнд  авч байгаа болов уу?

-Нарийн мэдээлэл авах ч юу байхав дээ. Би судалгаа, шинжилгээ хий­дэг эрдэм шинжил­гээний ажилтан хүн. Гэтэл батаарын асуудлаас бо­лоод юу  болчихов доо. Сүүлийн үед би хууль хя­налтын хүн юм шиг сэтгүүлчид над руу  хандаж  янз бүрийн зүйл асуух юм. Зарим нь “Шүүхийн шийдвэр юу болж байна.  Эрик Прокопид хэдэн жилийн ял өгөх бол” гээд  л. Утасдаад ам­раах­гүй. Ер нь тэгээд утсаар ярих их осолтой юм байна.  Ганц нэг зүйл асуучихаад эрхэлж байгаа ажил, албан тушаалыг буруу бичиж эвгүй байдалд оруулах, хүмүүсийг ч  төөрөлдүүлэх  жишээтэй.  Тэгээд ч  ажил их, ирсэн сэтгүүлчидтэй тэр болгон ярилцах цаг зав  хомс байх юм.

-Гэхдээ л батаарын асуудал сонин хэрэг биз дээ. Монголынх гэдгийг нь батлахын тулд  манай эрдэмтэд хүртэл  АНУ-ын шүүхийн өмнө мэдлэг чад­вар, туршлагаа сорилоо шүү дээ?

-Мэргэжлийн суд­лаач­дын хэрэгцээ гардаг гэдэг утгаараа сонин хэрэг гэж болно. Батаарын араг ясны дуудлага худалдаа анх  тавдугаар сарын 20-нд  болсон. Дуудлага ху­далдааг зогсоонгуут мэр­гэжлийн судлаачид хэрэгтэй болсон юм билээ. Засгийн газрын ажлын хэсгээс мэргэжлийн хүн явуулж, газар дээр нь судлуулж, шинжлүүлье гэж шийдвэрлэсэн. Ин­гээд би явсан. Тэр асуудал ганц миний санаагаар болоогүй. Бид зөвлөлдөж байж шийдвэрлэсэн. Түүнээс биш монголоос ганц хүн очоод “Энэ манайх аа” гээд суучихвал юу ч гэж хэлэх байсан юм билээ. Тиймээс нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүн­тэй олон улсын экспер­тийг  оролцуулбал ямар вэ гэсэн санал гаргасан. Тэр нь ч зөв байж. Тэр дагуу гурван улсын хамтарсан судал­гааны баг ажил­ласан.  Анх­ны сэтгэгдлээр Трабозавр батаарын яс яах аргагүй Монголынх гэдэг нь мэдрэгдэж байсан. Гэвч шууд мөн байна гэж далдыг харагч шиг хэлэх  хаашаа юм. Үндэслэлээ гаргах ёстой.  Гэтэл бидэнд ганцхан өдрийн боломж олгосон. Уг нь бид хоёр өдөр ажиллах са­налыг хуульчаар дамжуу­лан урьдчилж хэлсэн юм. Яг яваад очтол өөдөөс “Та нар нэг өдрийн дотор үн­дэслэлээ гаргаж, Мон­голынх гэдгийг нь  тогтоо. Чадахгүй бол боль” гэсэн. Бид маш шахуу хугацаанд ажилласан. Батаарын яс ерөнхийдөө Монголынх гэдэг нь баталгаатай бай­сан.  Сүүлд яриад байгаа энд тэндээс түүсэн гэдэг огт худал. Тэр бол дэндүү хариуцлагагүй мэдэгдэл.

-Ямар ч эргэлзээ байх­гүй гэсэн үг үү. Нууц биш бол  Америкийн умард хэсгээс олддог үлэг гүрв­лийн яснуудаас Монго­лынх юугаараа өөр вэ?

-Үлэг гүрвэл тоотой байдаг юм. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс мэднэ шүү дээ. Тэр тусмаа “Трабозавр батаар” анх 1946 онд олдсоноос  хойш ерөөс хуруу дарам цөөхөн олдсон. Түүнээс тав, зургаа нь бүтэн гээд тоолоод үзэх юм бол бүгд өөр. Зөвхөн хэмжээгээр нь аваад үзэхэд л урт, өндөр нь өөр. Гэрийн тэжээмэл амьтдыг монголчууд нас, зүс, шүдээр нь ялгадаг. Мориор бол даага, шүдлэн, хязаалан, соёолон гэдэгтэй адил үлэг гүрвэл ч  тийм байдаг. Тэгж олддог учраас харьцааны судалгаагаар харахад л  Эрик Прокопийн хэлээд байгаачлан энд тэндээс түүсэн юм огт биш. Тэр бол баталгаатай. Прокоп гэгч нэг талаас өөрийгөө хамгаалах гэж тэгж мэдүүлсэн,  нөгөө талаас цаг хожих  гэсэн нь тэр байх.

-Эрик Прокопи ба­таарын ясыг энд, тэндээс түүсэн гэж мэдүүлснээс үүдэж судлаачдын баг дахиж  дүгнэлт гаргасан гэл үү?

-Тэгсэн. Судлаачид ярьж байгаад дахиж  дүг­нэлт гаргасан. Өмнөх дүг­нэлтээ  илүү нарийв­чил­сан. Түүнээс гадна бидэнд өөр  дүгнэлт ч бас  байсан.  Тэр нь хөрөнгө мөнгө, цаг хуга­цаа шаардахаар бай­гаа юм. Гэхдээ одоогийн байдлаар Эрик Прокопи хийсэн хэргээ  бараг хүлээн зөвшөөрч байна уу гэж харж байна.

-Эрик Прокопи  Тра­бозавр батаарын  ясыг ухаж авч байгаа гэрэл зургийг  монгол хүн тухайн үед  авч баталгаажуулсныг шүүхэд нотолгоо болгож илгээсэн гэсэн.  Тэр ба­римтыг хаанаас олсон юм бол?

-АНУ-ын шүүх тэнд батаарын ясны гарал, үүс­лийг тогтоохоор ажил­ла­сан. Манайхан ч  мөн дотооддоо  гэмт хэргийн мөрийг мөшгин  судалсан  юм шиг  байна лээ. Гадна талаас нь Мон­голынх юм байна гээд нотлоод байхад дотооддоо бас батлах ёстой шүү дээ, энэ чинь. Мэдээж Мон­гол нутгаас гарсан юм чинь хаагуур ямар замаар, ямар хүмүүсийн оролцоо­той гарсан бэ гэдгийг тогтоох  ёстой. Тэгэхгүй бол утгагүй. Тиймээс нэлээд сайн судалж, мөрдөн байцаалт явуулсан  байх.  Зарим зүйлүүдийг тогтоож  байх шиг байна.

-Манайд паленто­логийн шинжлэх ухаан хожуу үүсч хөгжсөн. Тэр дотроо үлэг гүрвэл суд­лаач  гарын таван хуруунд багтам цөөхөн байдаг биз?

-Ер нь цөөн хүн амтай оронд юм бүхэн цөөхөн байх байна шүү дээ.  Суд­лаач нь цөөхөн. Тамирчид нь ч цөөхөн. Тэгсэн атлаа олон хүн амтай том улс орнуудтай эн зэрэгцэх гэж үзээд   байдаг.  Яг пален­тологич гэхээр өргөн хүрээтэй. Тэр дотроос үлэг гүрвэл судлал  энэ асуудалтай холбож ярих юм бол ерөөсөө 2-3-хан хүн л бий. Палентологийн судалгаа Монголд үүсч хөгжөөд, өөрийнх нь судлаачид бий болоод  40 гаруй жил  болж байна. Палентологийн олдвор, судалгааг аль 1920-иод оноос  Амери­кийн Эндрю­сийн   экспе­дицээс эхэлж ярьдаг. Дараа нь 1940-өөд онд оросууд ирж ажил­ласан. Дайнд ялсан баа­тар­лаг оросуудыг ирэхэд Мон­голын талаас пален­то­ло­гийн чиглэлийн хү­мүүс оролцож ажилладаг­гүй байлаа. Харин орон нутагт явахад нь ганц нэг орчуулга хийдэг байсан залуус  сүүлдээ мундаг эрдэмтэд болсон. Геологи, газар зүйн чиглэлийнхэн их төлөв орчуулга хийж явж  байсан юм билээ. 1960-аад оны дунд үеэс манай улс энэ чиглэлээр мэргэжилтэн байх ёстой гэж үзсэн шиг байгаа юм. Тухайн үед жижигхэн тасаг байгуулагдсан нь өнөө хүртэл ажиллаж, одоо хүрээлэнгийн статустай төв болтлоо хөгжиж ирсэн. Цөөхөн хүнтэй ч гэсэн өнөөдөр энэ салбартаа  түү­чээлж явна.  Монгол­чууд цөөхөн тусмаа сайн ажилладаг. Харин олуулаа болохоороо маргалдаад юм хийхээ байчихдаг юм биш үү .

-Ингэхэд та хэзээнээс сээр нуруутан, тэр дотроо үлэг гүрвэлийн судалгаа­гаар дагнах болов?

-Би МУИС-ийн био­логийн ангийг 1981 онд  төгссөн. Дэлхийн шинж­лэх ухаанд палентологийн чиглэлээр ажиллаж байгаа судлаачдын олонх нь биологчид байдаг юм шүү дээ. Хуучин социалист системийн орнуудад ха­рин  геологийн чиглэлээс палентологийн салбарт орсон  эрдэмтэд  олон байдаг. Палентологчдыг   хаана ч бэлтгэдэггүй юм .  Би биологийн анги төгсөөд  ШУА-д хуваарилагдсан. Тухайн үед Байгалийн түүхийн музей   ганц ди­нозаврын угсарсан ястай танхим байсныг өргө­жүүлэх албан даалгавар гарч, манайхан  түүнд бүх хүчээрээ ажилласан. 1980-аад он хүртэл цуглуулсан олдвороороо музей  байгуулсан юм. Яг тэр үед нь би сургуулиа төгсч ирж таарсан. Ажлын гараагаа шууд  музей байгуулахаас эхэлж байлаа. Музейд ажиллаж байхад шинэ хүн жирийн цэргээс нь эхлэх ёстой гэсэн бичигдээгүй хуулиар   олдворуудын тайлбарыг хийсэн. Гадаадын жуулчид цөөхөн байж дээ, тэр үед. Ихэнх­дээ социалист орнуудаас ирнэ. Тэдэнд тайлбар хий­хийн тулд ном зохиолтой танилцах шаардлага их гарна. Өөрөөр хэлбэл, биологоос палентологи руу шилжих үе маань тэгж эхэлсэн. Тэртэй, тэргүй музейн маань гол үзмэр үлэг гүрвэл байсан бо­лохоор сээр нуруутны чиглэлийг  барьж судалгаа хийх  нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд ч биологийн чиг­лэлийн хүнд сээр ну­руутны  судалгаа  илүү ойр  байдаг юм.

-Анхны хамгийн том судалгаа юу байв?

-Миний докторын зэрэг хамгаалсан сэдэв  өвсөн идэшт үлэг гүрвэл, нугасан хошуут гадрозав­ройдын бүлгийн  Монго­лоос олдсон  үлэг гүр­вэлүүдийн хувьсал, өөрч­лөлтийн асуудлаарх судал­гаа байсан.  Тэр чиглэ­лээрээ явсаар өнөө хүртэл 30 гаруй жил ажиллаж байна.

-Үлэг гүрвэлийн ясыг гадагш нь гаргасан хэрэгт хэд хэдэн хүнийг, тэр дотроо үлэг гүрвэл суд­лаач А.Пэрлээ гуайг баривчилж шалгасан. Та түүнийг сайн мэдэх хүний нэг. Энэ талаар ямар байр суурьтай байна?  

-Хүн ямар нэгэн зүйлд зорьж олон жил зүтгэчи­хээд эцэст нь түүнийгээ худалдчихгүй биз дээ. Тэ­гэхээр судлаач хүн хэзээ ч тийм зүйл хийхгүй гэж би боддог. Яагаад гэвэл, тэр чинь тухайн хүний амьдралын зорилго.  Түүнийгээ хаанаас ч юм доншуучилж ирсэн  Эрик Прокопи мэтэд зараад сууж байна гэж миний санаанд огт буухгүй байна. Эрүүл хүн тийм зүйл хийхгүй. Тэгэхээр би А.Пэрлээ гуайг тэр хэрэгт буруутай гэдэгт итгэхгүй байсан.

-Батаарын яс алдагд­сан хэрэг энэ салбарыг олны анхааралд оруулж,  палентологийн ховор  олд­во­роор дэлхийд гайхагдсан улс орны хувьд жуулчдыг татах гайхамшигтай  музей байгуулах хэрэгтэй гэсэн саналууд  гарч байх шиг?

-Миний хувьд энэ шинэ санаа биш. Бид  энэ тухай олон жил ярьсан. Бүр 1990-ээд оны дунд үеэс. Уг нь манай улс үлэг гүрвэлийн чиглэлээр эхний гуравт ордог юм чинь яая даа гэсэн сайхан музейтэй болоход хэн ч гайхахгүй. 1990-ээд оны дунд үеэс музейтэй болох гэж янз бүрийн төвшинд ярьсан.  Гэсэн ч нэг л болж өгөхгүй  явсаар өнөө хүрсэн. Арга ч үгүй болов уу. Тухайн үед улс орон юун музейтэй манатай байлаа. Харин сүүлийн үед, ялангуяа Батаартай холбоотойгоор нийгэм энэ чиглэлд ихээ­хэн анхаарч байна. Ямар ч байсан нэг шийдэлд хүрч, ажил хэрэг болно байх. Дээр нь нийгэм анхаарч, санаа тавьж байна гэдгийг шийдвэр гаргагчид мэдэрч харж байгаа гэдэгт  найд­на. Ховор нандин зүйлийг эхлээд хадгалах аргаа олох ёстой. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг их үнэн үг юм. Гэтэл тэгэхгүйгээр  ховор сонин  олдвор оллоо гэхэд сенсаац болгоод, шинж­лэх ухааны нэг  нээлт хийхэд маргааш нь хадгалах газаргүй. Тэгсэн атлаа түүнийгээ олон ний­тэд зарлачихаар  хүмүүс газар дээр нь очоод сүйт­гэчихдэг. Ийм байдлаар бид 20-иод жил болчихлоо. Энэ хугацаанд овоо ч юм  цуглалаа. Өөрс­дөө мэргэжлийн хүмүүстэй болсны ачаар олдворуудаа  авч үлддэг болсон.  Гэтэл 1920-иод онд Эндрюсийн  экспедиц нэг ч яс үлдээ­гээгүй авч явсан. 1946-1949 онд ажиллаж байсан тухайн үеийн Зөвлөлтийн экспедиц мөн л өөрсдийн олсон олдво­руудыг аваад явчихсан. Хүүе, хаая манайх, танайх гэж ярих мэргэжлийн хүн манайд байсан биш. Харин 1990-ээд оноос байдал өөр болж,гуравдагч орнуудаас судлаачид ирдэг болсон. Олон орны судлаачид өр­сөлдөөнтэй, бас туршлага солилцох давуу талтай. Энэ үеэс эхлээд  бид музейтэй болтол нь  сан хөмрөгийг нь бүрдүүлэх ёстой юм байна гэсэн зорилгоор  лабораторийн барилгыг өөрсдөө болоод гадаадын хөгжиж буй орныг тусалж, дэмждэг байгууллагад хандан төсөл бичиж байж барьсан. Түүний дүнд өнөөдрийг хүртэл аятайхан эхлэл тавигдаж, эмх цэгцэнд орж буй зүйлүүд ч  байна.