Р.МӨНХДАВАА

 

Наадам хаяанд ирлээ. Хэдхэн хоногийн дараа хүчит бөхчүүд галдаа гарна. Бөхчүүдийн ихэнх нь улсын цол мөрөөдөж, бэлтгэлээ хийх нь дамжиггүй. Гэвч наадмын өмнөхөн цолны тухай бодох, эргэцүүлэх зүйл чамгүй хуримтлагджээ.

Ноднин Улсын их баяр наадамд хүчит 1024 бөх зодоглож, С.Мөнхбат арав даван бахтай түрүүлж, аварга цолыг шууд авсан. Үүнээс өмнө Д.Сумьяабазар мөн арав даван түрүүлж, улсын аварга цол шууд хүртсэн удаатай. Ингэж аварга цол хүртсэн бөх хэн байх нь огт хамаагүй. Харин аварга цолыг ямар тохиолдолд, яаж олгоод байгаа нь асуудал үүсгэж эхэлсэн юм. Олонд түгсэн түгээмэл ойлголтоор бол аварга цолыг хоёр удаа улсын наадамд түрүүлсэн бөхөд олгодог байлаа. Өөрөөр хэлбэл, 512 бөх барилдсан хоёр наадамд тус бүр ес даван түрүүлсэн бөх улсын аварга цолны болзол хангадаг. Аварга цолны болзол тэгэхээр тоогоор бол хоёр наадмын 18 даваатай дүйж байж. Заримдаа улсад нэг түрүүлж, үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох тохиолдол ч мэр сэр гарсан. О.Балжиннямд нэг түрүүлж, хоёр үзүүрлэхэд нь улсын аварга цол олгосон. Сүмод л тийм. Өөрөөр хэлбэл, нийтдээ гурван наадамд 25 давсан амжилтыг нь үнэлж олгосон хэрэг.

Харин Д.Сумьяабазар, С.Мөнхбат нарт улсын аварга цол олгохдоо нэг удаагийн 10 давсан амжилтыг л үнэлжээ. Ингэхээр өмнө нь 18 даваатай бөхөд олгож байсан цолыг сүүлийн үед 10 давсан бөхөд олгох хандлага илт ажиглагдаж эхэлсэн. Ингэснээр аварга цолд хүрэх давааны тоо илт багассан нь тодорхой байна /18=10/. Тодруулан хэлбэл, хуучны 18-ийн тоо эдүгээ цагт 10-тай тэнцэх болжээ.

1024 бөх хэдийгээр наадам бүрт барилдаггүй ч ирээдүйд тийм болж хэвшихийг үгүйсгэх аргагүй. Ингэсэн тохиолдолд аварга цол түрүүлсэн бөхөд өгдөг цол болох нь. Хоёр удаа биш нэг удаа түрүүлсэн бөхөд өгдөг цол болно гэсэн үг. Үндэсний бөхийн эрхэм хүндтэй цолыг тэгтлээ “харамлаад” байх ч бас юу байхав. Азтай, одтой аавын хүү хүртэж л байг гэж бодож болох. Гэхдээ...

Арслангийн дээр дахиад нэг цол нэмэх юм уу?гэсэн асуулт гарч ирнэ

Таваас дээш даваа бүр цолтой болсон тогтолцоо нь арвын давааг гарцаагүй үнэлэхээс өөр аргагүй байдалд хүргэчихээд байгаа. Өмнө нь Монгол төрийн наадам есөн даваагаар түрүү бөхөө тодруулдаг байлаа. Харин ойрын хэдэн жилд бөхөөр хичээллэх залуусын тоо илт нэмэгдсэн нь ийнхүү хөгжлийн дараагийн алхмыг хийхийг гарцаагүй шаардаж эхэлсэн. 5, 6, 7, 8, 9-ийн давааг үнэлж, тус бүрт нь цол олгосон хэрнээ 10-ийн давааг үнэлэхгүй байна гэдэг угаасаа утгагүй зүйл. Гэтэл есийн давааны арслан цолны дээр зөвхөн аварга гэдэг л цол байх аж. Тавын давааны дээр харцага, долоогийн давааны дээр гарьд хэмээх цол нэмж оруулсан шигээ арслан цолны дээр, аварга цолны дор бас нэгэн цол хавчуулахыг шинэ цолны тогтолцоо шаардаад ч байх шиг. За, тэгж байтал хэдэн жилийн хойно наадамд 1024-өөс дээш тооны бөх барилддаг болвол дахиад л нэг цол нэмэхээс өөр аргагүйд хүрэхийг үгүйсгээд яахав. Хэдхэн жилийн өмнө огт боломжгүй мэт санагдаж байсан зүйл өнөөдөр энгийн явдал болчихоод буйг алийг хэлж барах вэ. Тэгэхээр үүнийг үгүйсгэх гэж яарах хэрэггүй.

Уг нь монгол бөхийн цолны хуучны тогтолцоогоор бол энэ асуудлыг хялбархан шийдэх байж. Хуучин тогтолцоо гэдэг харцага, гарьд хэмээх цол байхгүй үеийг хэлж байна. Начин, заан, арслан, аварга гэсэн үндсэн дөрвөн цол бүр цаанаа нэг даваа илүү агуулж байсан. Тав давж начин болоод зургаагийн даваа мөн цолдоо багтана. Долоо давж заан болоод наймын даваа цолдоо мөн багтана. Ес давж арслан болоод арвын даваа мөн цолдоо багтаж байж. Өөрөөр хэлбэл, хуучин цолны тогтолцоогоор бол арвын даваа зүй ёсоор арслангийн даваа байсан хэрэг. Нэг хий даваа агуулдаг байсан нь ийнхүү бөхийн тоо нэмэгдэхэд гол гарц, шийдвэрлэх хүчин зүйл болж чадах байлаа. Гэвч нэгэнтээ хуучны тогтолцоог голж, шинэ рүү тэмүүлснээс хойш шинэ тогтолцооны журмыг дагахаас аргагүй шиг. Тэгэхээр арслан цолны дээр, аварга цолны доор дахиад нэг шинэ цол нэмж оруулах хэрэг гарцаагүй гарч иржээ. Эсвэл цолны хуучин тогтолцоо руугаа шилжиж болох юм. Хууль гэдэг чинь хүмүүс бид л гаргадаг эд шүү дээ. Нэг гаргасан хуулийг сольж, өөрчилж болдоггүй гэсэн ойлголт байхгүй. Алдаатай зүйлийг засч л байж ононо.

Бас нэг асуудал бол  дархан аварга хэмээх цол яг эсрэгээрээ даваагаа айхавтар нэмж, барагтай аавын хүүд бараадахгүй эрдэнэ болон хувирав. Ардын хувьсгал ялснаас хойш долоохон дархан аварга төрснийг бид эс андахав дээ. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1990 оны Нууц товчооны наадмаар түрүүлж, дархан аварга цол хүртснээс хойш 21 жил өнгөрөхөд дараагийн дархан аварга төрсөнгүй. Зургаан залуу зааны тэмцэл ид өрнөж, тэд хоорондоо түрүүгээ булаалдснаар энэ цолд хүрэх бөх одоогоор гараагүй гэж хэлж болох л юм. Гэвч үнэндээ бас тийм биш ажээ. Хуучны цолны тогтолцоогоор бол дархан аварга цолыг дөрөв түрүүлсэн бөхөд олгодог. Тэгвэл Г.Өсөхбаяр дархан аварга болчихсон гэсэн үг. Харин одоогийн тогтолцоогоор тав түрүүлсэн бөхөд олгохоор болсон. Хуульчилчихсан. Сүүлчийн дархан аварга УИХ-д сонгогдсоны дараахан энэ хуулийг баталчихсан.

Монгол бөхийн түүхэнд зарим бөхөд тав түрүүлэхэд нь дархан авар­га цол олгосон тохиолдол бий. Гэхдээ хэзээ ч бөхийн цолыг хуульчилж байгаа­гүй. Тухайн үеийн төрийн удирдлага л үзэмжээрээ шийдэж байж. Өөрөөр хэлбэл дархан аварга цолны босго хэзээ ч өнөөгийнх шиг өндөр байгаагүй. Далай аварга гэдэг цол байгаа ч үгүй. Гэтэл гэнэтхэн гараад ирсэн. Ингээд нэг цол нэмчихснээр нэг түрүү мөн нэмэгдсэн. Дархан аварга цолыг хүртэхийн тулд тэрхүү “далай”-г гатлах шаардлага гарсан. Бөхөө мэддэг, зовлонг нь ойлгодог хүн хууль тогтоох байгууллагад байх үед дархан аварга хэмээх цолны босго хуучнаасаа гэнэт чангарсны учрыг ухаж ойлгоход үнэндээ бэрх юм. 

Гэлэгжамцын Өсөх­баяр одоогоор даян аварга цолтой зодоглож явна. Уул нь энэ бөх аль хэдийнэ дөрөв түрүүлчихсэн. Дөрөв түрүүлсэн бөх нийтдээ дөрвөн наадмын есөн даваа цуглуулж, 36 давах ёстой байсныг тэрээр биелүүлчихсэн. Тэгсэн одоо түүнээс хуулийн дагуу дахиад есөн даваа нэхэж байна. Өөрөөр хэлбэл, хуучны дархан аваргын 36 даваа эдүгээ 45 даваа болон өсчээ. Нэг онигоо байдаг даа.

-2х2= хэд вэ?

-Хуучин бол 4 л байсан юм. Одоо цагт юмны үнэ өсөөд 5 болсон байж магадгүй шүү... гэж.

Даян аварга Нацагийн Жамьян гуайн зээ хүү Гэлэгжамцын Өсөхбаяр 2002, 2003, 2005, 2009 оны наадамд тус бүр ес даван түрүүлж, дархан аварга цолд хүрсэн. Цөөхөн бөх ингэж олон түрүүлдэг болохоор оргил цолны тухай хүн бүр нэг их яриад байх шаардлага гардаггүй байж мэдэх юм. Хамгийн сүүлд дархан аварга цол хүртсэн Б.Бат-Эрдэнэ гурван жилд дөрвөн наадамд түрүүлснээр энэ цолыг хүртсэн түүхтэй. 1990 оны улсын наадамд зодоглож даян аварга болсноосоо хойш сар гаруйхны дараагаар Нууц товчооны 750 жилийн ойд түрүүлснээр дархан аварга болсон. Харин дараа жил нь улсын цолыг улсын наадмаас өөр барилдаанд олгохгүй гэсэн дүрэм гарсан тул нэг жилийн хоёр наадмаар улсын цолоо ахиулчих боломж өөр хэнд ч олдоогүй. Энэ мэтээр нэг л харилцан тэнцвэргүй, нэг нь хасаг­даж, нөгөө нь нэмэгдсэн асуудал үндэсний бөхийн цолыг тойрон өрнөсөөр байх ажээ. Г.Өсөхбаяр өөрийнхөө хүчээр улсын наадамд түрүүлж, үзүүрлэн дархан аварга болох боломж их. Хамгийн гол нь өмнө хэзээ ч ийм өндөр босготой байгаагүй цолыг гэнэт ийм байдалд хүргэсэн нь ирээдүйн бөхчүүдийн өмнө тавьсан саад болж байна.

Энгийн бөх сонирхогчийн нүдэнд илт харагдаж буй хэрнээ үл ойлгогдох энэ асуудлууд бөхөө арьсгүй мэдэрдэг монгол түмний сэтгэлд ч тэмтрэгдэж байгаа гэдэгт үл эргэлзнэм.