“Уран бүтээлчдийн урлан бүтээх төв” гэх даруухан хаягтай, ногоон байшингийн үүднээс түүнийг сураглахад жижүүр “Керамикийн Цолмонхүү юу” хэмээн лавлаж асууна. Харин тэр урлангийнхаа үүдэнд биднийг тосон зогссон юм. Хуучин модон хаалгатай, жижиг өрөөнд ороход түүний сонирхолтой баримлууд өрөөстэй угтана. Хэдий жижиг өрөө ч бүх зүйл нь эмх цэгцтэй. Түүний бүтээлүүд дунд 11 ширхэг зул эгнүүлсэн харагдана. Тэрээр “Эдгээр 11 ширхэг зулыг Төвдөд зулын гол болон амиа хорлосон хүмүүсийн дурсгалд зориулсан юм. Тэдний буруу гэж юу байхав. Цаг үе, үзэл бодол нь л таараагүй байх” хэмээв. Эрх чөлөөг хүссэн тэмцэгчдийг өмөөрсөн бүтээлээ зулын голын зэвээр мөнхийн зулыг бэлгэдэн бүтээсэн аж. Мөн түүний урланд хоёр гараа өргөх монгол дээлтэй хүний жижиг шавран баримал байв. Энэ бүтээлээрээ монгол сэтгэлгээг харуулахыг хүссэн гэв. Монголчууд эртнээс хөх тэнгэртэйгээ харьцсаар ирсэн уламжлалтай. Баримлыг олон янзаар хийж үзсэн ч энэ хөдөлгөөн нь тохиромжтой юм шиг санагдсан гэж байв. Энэ хөшөөг хуучин танктай хөшөөний сууринд “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн монгол бичигтэй байршуулахыг хүсдэг аж.
Ж.Цолмонхүү түүхэн сэдвийг илэрхийлж, бүтээхийг хичээдэг. Бүтээлүүдийг нь үзэж байхад нүүдэлчин ард түмний эх нутаг, газар шороо сэтгэлд нь ойр байдаг юм болов уу гэсэн бодол төрсөн. Тэрээр “Монгол хүний амьдралын онцлогийг чагнах ёстой. Миний зорилго монгол баримлыг хөгжүүлэх юм” гэв. Монгол баримал гэхээр хүмүүс бурхны шашин, буддын баримал гэж ойлгодог. Гэтэл монголчууд амьдрал ахуйдаа баримлыг хэрэглэж ирсэн түүхтэй. Монгол баримлыг мэргэжлийн төвшинд хүмүүст хүргэх, бүр цаашлаад олон улсын хэмжээнд гаргах нь түүний чин хүсэл ажээ. “Ер нь миний мэргэжил их сайхан. Хүмүүс чөлөөт цаг гэж ярьдаг. Харин би чөлөөт цагаараа ажлаа хийдэг шүү. Заримдаа найз нартайгаа сууж байхад бүтээл хийх санаа төрнө. Тэр мөчид гараад гүймээр санагддаг шүү. Сайхан бүтээл хийчихээд, сэтгэлийн таашаал авах шиг сайхан мэдрэмж байхгүй” хэмээн бахархангуй ярина лээ. Барималч маань уран бүтээлчдийг үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэж боддог. “Бид Монгол Улсын соёл иргэншлийг үүрч яваа хүмүүс. Хэдэн зууны дараа бидний бүтээл Монгол Улсын түүхийн нотолгоо болно” хэмээн үздэг байна. Мөн одоо үед хүний захиалгаар баримал хийх нь олширч байгаад сэтгэл нь эмзэглэж явдгаа нуусангүй. “Хүн уран баримлыг заавал ойлгох албагүй. Харин хүнд сэтгэлгээний болон гоозүйн таашаал төрүүлэхээр яруу байх ёстой. Заавал хүний хөшөө бус орон зайн баримал хийж болно шүү дээ. Ингэснээр баримал хүнд илүү ойртоно” гэлээ.
-Шавар, сэтгэл хоёр хэрхэн нийлж хүний сэтгэлд хүрсэн бүтээл төрдөг юм бэ?
-Уран баримал гарын үзүүрээр хийх зүйл биш. Хүний сэтгэлээс гарч, агуулга нь хэлбэрээ, хэлбэр нь агуулгаа тодотгож байдаг. Олон жил ажиллах тусам уран баримал намайг татаж байна. Керамик технологийн, шавар сэтгэлгээний урлаг юм. Энэ хоёрын зохицлоор хэлбэр нь материалаа, материал нь хэлбэрээ гаргадаг. Төрмөл юм шиг хийж чадвал нэгдэл болно.
-Уран бүтээлч хүн онгодоор хөглөгддөг гэдэг. Та онгодоор уран бүтээлээ хийдэг үү?
-Өмнө нь ахуйн сэдэвтэй, монгол зан заншил, төрхийг гаргахын тулд бүтээлийн санаа хайдаг байсан. Одоо материал, хэлбэр өөрөө санаагаа өгүүлдэг болжээ. Толгойд орж ирж буй санааг онгод гэх байх. Би амьдралаас бүтээлийн санаа хайдаггүй. Бүтээл хийх санаа толгойд шууд төрдөг. Тэрхүү санааг би дамжуулах л үүрэгтэй юм шиг. Санаагаа бодоход төгсгөл нь харагддаг. Амархан ч дуусдаг. Сэтгэлийн хөөрлөөр бүтээл хийх нь эрсдэлтэй. Миний тархи байнгын цэнэгтэй. Эхлэл, төгсгөлөөс хамаараад бүтээлээ хийдэг. Надад уран бүтээлийн зөндөө санаа байна. Түүнийгээ боловсруулж чадахгүй л явна.
-Хамгийн удаан хугацаа зарцуулсан ямар бүтээл байна вэ?
-Чаддагтаа онгирч байгаа юм биш. Бүтээл хийхэд их хугацаа зарцуулдаггүй. Бүтээлийн санаагаа олсон л бол хурдан хийнэ. Би 1993 оноос хойш дөрвөн уулын савдаг баримлыг хийлээ. Одоо хүртэл тэр бүтээлдээ сэтгэл ханаж өгдөггүй юм. Түүнийг дахин гоё хиймээр байна. Савдагны тухай ном, зохиол уншиж судалж байгаа. Хориод жил бодоод явж байна. Ерөөсөө төгсгөл нь олдохгүй байна.
Түүний урланд зочилсон хэдэн хоромд сэтгэлийн таашаал, баяр баяслыг мэдрээд зогсохгүй монголын уран баримлын ертөнцөөр аялсан мэт сэтгэгдэл төрсөн юм. Тэрээр энэ л өрөөндөө бүтээлээ амьдруулж, сэтгэлээ нээдэг ажээ.