А.ЦЭРЭНДОРЖ

МСБХ-ны “NISSAN” дээд лигийн “Бүх одод”-ын тоглолтын хамгийн их санал асуулга авсан тоглогч,2018-2019 оны дээд лигийн үзэгчдийн ярианы сэдэв болж буй алдарт “Танан гарьд” багийн залуу тоглогч О.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та монголын сагсан бөмбөгийн шинэ од болон гялалзаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Намайг О.Эрдэнэцогт гэдэг. Хэнтий аймгийн унаган хүү. Аймгийнхаа Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн.  Аав маань намайг сагсан бөмбөгийн ертөнцөд орж ирэхэд хамгийн их  нөлөөлсөн.  Одоо ч гэсэн  өдөр шөнөгүй тоглолтыг маань үзээд бараг л надтай хамт тоглож байдаг.  Гэр бүлийнхэн маань Хэнтий аймагт амьдарч байна.

-Таныг “Спрайт” лигт “Хэнтий Эбэг” багт тоглож байхаас эхлээд мэднэ. Хамгийн анх сагсан бөмбөгийн гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?

– Хэнтий аймгийн спорт хорооны дарга байсан Насанжаргал багшийн удирдлага дор зургадугаар ангид байхаасаа хичээллэсэн.  Нэг хэсэг гар бөмбөг тоглож байлаа. Ер нь сургуульд байхаасаа л спортлог хүүхэд байсан даа.

– Гар бөмбөгөөр хэр удаан хичээллэсэн бэ?

– Би гар бөмбөгөөр идэвхитэй хичээллэж, аймгийнхаа шигшээ багийн тамирчин болсон байлаа. Тэгээд намайг арваннэгдүгээр ангид байхад шигшээ багийн тамирчид маань төгсөөд,  их сургуульд сурахаар хот явсан. Тэгээд аймгийн гар бөмбөгийн шигшээ багтаа ганцаараа үлдчихсэн байсан. Яг тэр үед гар бөмбөг тоглох сонирхолгүй болоод л байж байсан чинь миний үеийнхэн,найзууд сагсан бөмбөг тоглож, буцаад сагсан бөмбөгөө тоглоод эхэлсэн дээ.

-“Хэнтий Эбэг” багийн дасгалжуулагч Дожоодорж болон тухайн баг таны сагсан бөмбөгт гаргасан энэ амжилтад чухал нөлөөтэй болов уу?

-Мундаг залуу шүү дээ. Дожоодорж дасгалжуулагч маань ямар нэгэн сургууль соёл төгсөөгүй хэрнээ сагсан бөмбөгт маш их хайртай. Зүрх сэтгэлээ зориулж чаддаг залуу. Ямар нэгэн тэмцээнд орох болохоор мэдээж бэлтгэл хийх газар,ус унд гээд эдийн засгийн дэмжлэг хэрэг болдог. Энэ үед Дожоо маань өөрөөсөө мөнгө гаргаад л ийш тийшээ гүйж, хүнтэй холбогдож ивээн тэтгэгч олдог. Сагсан бөмбөгийн төлөө сэтгэл зүрхээрээ яваа залуу даа. Ер нь Хэнтий аймгийн сагсан бөмбөгийг нэг түвшинд ахиулсан хүн гэж боддог. Одоо манай “Хэнтий Эбэг” баг бага зэргийн уналтад ороод түвшин ахихгүй байна. Хэнтий аймгийн удирдлагууд “Хэнтий Эбэг” багийг амжилт гаргаад ирэхээр дарга нар нь гэнэт гарч ирээд энэ амжилтад хүрэхэд бид тусалж дэмжсэн нөлөө үзүүлсэн гэх зэрэг юм яриад гараад ирдэг.Тэгэж байхын оронд ядаж бэлтгэл хийхэд жоохон тус болоод санхүүгээр дэмжээд өгвөл энэ баг амжилт гаргахад ойрхон байгаа. Дожоодорж болон тамирчид хувиасаа бүх юмаа гаргадаг. Тамирчид нь ямар ч мөнгө төгрөггүй байсан бэлтгэлдээ оройны 11 цагт 4,5 км алхаж очоод бэлтгэлдээ ороод буцаад алхаад харьдаг бодит байдал ийм л байдаг. Дээшээ өсөж дэвших боломжтой зөндөө залуу тамирчин байгаа. Хэнтий нутгийнхан энэ залуусаа дэмжээд өгөөсэй л гэж бодож байна даа.

-Ноднин жил анх удаагаа дээд лигт “Харцага” багт тоглосон. Багийн бүрэлдэхүүн  хэрхэн багтав?

-“Ижилболд дасгалжуулагч зун холбогдоод Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаад оюутны лигт тоглох уу” гэж урьсан. Тэгээд Ижилболд дасгалжуулагчийн удирдага дор бэлтгэгдэж оюутны лигт анх тоглосон.  Өнгөрсөн жил дээд лиг эхлээд “Харцага” баг манай сургууль дээр ирж бэлтгэл хийдэг байсан. Тэр үед хамт бэлтгэл хийгээд заавар зөвлөгөө аваад явдаг байлаа. Тухайн үед “Харцага” багт орох саналыг хүлээн авсан.  Ингээд л дээд лигийн гараагаа эхэлсэн дээ.

-2017-2018 оны дээд лигийн Бүх оддын тоглолтод анх удаагаа оролцсон.Тэр үед тамирчин хүний хувьд ямар байсан бэ?

-Маш их сандарч байсан. “Спрайт” лигт тоглож байхдаа “Бүх одод”-ын тоглолтыг зурагтаар үзээд л тоглогчдыг хараад “Энэ аймар шиддэг ах,гоё довтолдог ах” гээд л үздэг байсан.  Тэр тамирчидтайгаа нэгдээд л нэг талбайд гарахад үнэхээр гоё байсан.  Мөн үзэгчдийн санал асуулгаар нэгт жагссан байна гээд хүмүүс яриад тэгэхээр улам  сандардаг юм билээ.

-Энэ удаагийн дээд лигт Алдар спорт хорооны “Танан Гарьд” багийн бүрэлдэхүүнд багтаж байна.  Энэ талаар?

-Өнгөрсөн жилийн дээд лигийн дараа “Харцага” багтай хийсэн гэрээ дууссан байсан .Багийн маань хамтрагч ОУХМ Ц.Азбаяр ах маань “Танан Гарьд” багт нэгдэх болсон. Азбаяр ах дээр нэмээд шинэ залуу тоглогчдыг авна гэсэн зорилготой байсан юм байна лээ. Нэг өдөр над руу ярьсан. Очиж уулзахад надад бүх зүйл таалагдаж байсан. Ингээд гэрээ байгуулсан. Энэ нь надад өөрийгөө хөгжүүлэх маш том боломж юм.

-Би “Хасын Хүлэгүүд” багын фэн багийнхаа тоглолтыг байнга үздэг. Энэ удаагийн улирлын нээлтэд “Танан Гарьд” баг манай багийн эсрэг тоглосон. Хоёр баг тоглолт өгөө аваатай ширүүн болж өндөрлөсөн. “Хасын Хүлэгүүд” бага оноогоор илүү гарах гэхээр яг тань дээр бөмбөг ирээд байсан. Тэгээд л довтолгоогоо алдахгүй оноог бага багаар холдуулаад байсан. Тэр тоглолтод та бүх тоглогчдыг оноо авалт болон бусад үзүүлэлтээр тэргүүлсэн. Нээлтийн тоглолтын талаарх таны сэтгэгдэл ямар байсан бэ?

-Ноднин жил аварга авсан олон жилийн түүхтэй маш хүчирхэг багтай тоглосон. Талбай дээр байгаа тоглогчид нь хүртэл ур чадвартай.  Хэд хэдэн ОУХМ цолтой мундаг тоглогч нар байдаг. Манайх нээлтийн тоглолтын бэлтгэлийг долоо хоногийн өмнөөс ярьж бэлдсэн. Ижилболд дасгалжуулагчийн бэлтгэл дээр туршиж үзсэн хамгаалалтын систем хоёр дахь боломж үүсгэх тоглолтууд биелэлээ олж хэрэгжиж байсан. Мөн зуны гурван сар хийсэн бэлтгэлийн үр дүнд нээлтийн тоглолтод хожил байгуулахад нөлөөлсөн болов уу. Ер нь хамгаалалт дээр сайн ажилласан.Багийн бүх ах нар заавар зөвлөгөө өгч тусалдаг. Ц.Азбаяр ах намайг яг л NBA-н “Golden state warriors” багийн Дрэймонд Грийн шиг тоглогч болохыг зөвлөдөг. Хар ажилд сайн, багтаа хоёр дахь боломж үүсгэдэг, багт хэрэгтэй зүйлээ хийдэг тийм тоглогч болохын тулд хичээж байгаа.

-“Хэнтий Эбэг”,”Харцага”,”Танан Гарьд” гэсэн байгуудын бүрэлдэхүүнд багтаж олон тэмцээн уралдаанд орж байсныг бид бүгд мэднэ.Таны хувьд хамгийн мартагдашгүй сэтгэлд хоногшсон тоглолт ямар тоглолт байсан бэ?

-Сэтгэлд хоногшсон тоглолт гэвэл ”Хэнтий Эбэг” багт тоглож байхад “Спрайт” D лигийн бүсийн аварга шалгаруулах тоглолт юм байна. Манайх эхний тоглолтдоо Сүхбаатар аймгийн багт хожигдсон. Тэр тоглолтын дараа өөртөө маш их гутарсан.Хүн болгон надад итгэж байсан байх. Эхний тоглолт болж өнгөрсний дараа миний нойр хүрэхгүй шөнөжингөө тоглолтоо бодож хоносон. Хоёр дахь тоглолт маргааш нь болох байсан.  Хожигдвол манайх тэмцээнээ өндөрлүүлэх байлаа. Маргааш нь багийхантайгаа уулзсан чинь манай багийнхан бүгд инээж ирээд л “Бүгд чадна, Хожино” гээд чанга дуугаар бүгд хэлж байж билээ.Тэр үед багийн нөхдийн маань тэр их эрч хүч,хожих гэсэн тэмүүлэл сэтгэл санааг маань  сэргээж өгч билээ. Тэгээд бид Сүхбаатар аймгийн багийг хожиж байсан. Анх удаагаа тэр том тэмцээнд орж байлаа. “Спрайт” D лигийн тэр улиралд “Хэнтий Эбэг” баг маань аварга авч байсан. Миний хувьд тэр тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” болж байсан. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан нь сэтгэлд илүү тод үлджээ.

-Бидний яриа өндөрлөх дөхөж байна. Ярилцлагын төгсгөлд Сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа дүү нартаа хандаж ямар үг хэлмээр байна?

-Зүрх сэтгэлээ зориул. Тууштай бэлтгэлээ хийгээрэй. Бэлтгэлийн хэдэн цагийн минут секунд бүрийг үнэ цэнэтэйд тооцож, бүх хүчээ гаргаж сэтгэлээсээ хичээж шантралгүй зүтгээрэй.Гаргасан хөлс чинь хэзээ нэг өдөр амжилт гаргахад их нөлөөлнө.

Эх сурвалж:www.polit.mn