С.УЯНГА
Дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэнг гэмтлээ эмчлүүлэхээр Солонгос улсыг зорихын өмнөхөн түүнтэй уулзаж ярилцлаа.
-Олон улсын тэмцээнүүдэд багагүй амжилт гаргаж байхдаа та мөрөө гэмтээсэн байдаг. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд эмчлүүлж, оношлуулаагүй хэрэг үү?
-Миний барилдаж эхлэснээс хойшхи хамгийн оргил үе 2011 онд тохиосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж ирээд Mongolia open тэмцээний бэлтгэл дээр Оросын бөхтэй барилдах үедээ мөрөө бэртээсэн. Хоёр ч тэмцээнд бэртэлтэй барилдсан. Тэр жилийнхээ улсын аваргын тэмцээнд барилдаж байгаад мөрөө мулталж, шарандаа дахин барилдаж хоёр ч удаа мөрөө мулталснаас хойш бөхийн спортоо орхиж дасгалжуулагчийн албанд шилжсэн. Мөр мултрах бол тамирчдад тохиолддог л зүйл учраас эхлээд тоогоогүй. Тухайн үед хүмүүстэй уулзаж хагалгаа хийлгэх ёстойг мэдэж байсан ч зүг чигээ олоогүй юм шиг байгаа юм. Дасгалжуулагч байхдаа ч гэсэн мөрөө дахин дахин мултлаад өвчнөө хүндрүүлсэн. Энэ үеэ эргээд бодохоор өнгөрсөн үедээ очоод өөрийгөө өшиглөмөөр, цохиод авмаар санагддаг. Бэртлээ бага дээр нь эмчлүүлэхгүй юу хийсэн юм бол гэж харамсдаг.
Мөрөө мултлаад оруулахдаа үенээс нь салгаж байгаад оруулах ёстой байтал хүчээр жийж оруулсан нь буруу гэдгийг онош тавьсан эмч хэлсэн. Яс нь элэгдэж тал болоод үрэвсэл үүсэх шалтгаан болсон юм байна лээ. Өөрөөр хэлбэл, Солонгосын эмнэлгээс мөрний үеэ олон удаа буруу оруулснаас болж яс нь элэгдэж тал болж үрэвсээд тэр нь даамжрах юм бол цус, яс нь бохирдоод амь насанд аюул учрах эрсдэлтэй гэсэн. Одоо бол мөрөө чангалахгүйгээр оймсоо өмсөх, шүдээ угаах, араасаа юм авах гэхэд ч мөр мултарчихдаг болсон. Мултрах болгондоо өвдөлт ихэссэн учраас Солонгос явж эмнэлэгт үзүүлсэн. Чөлөөт бөхийн спортоор хичээллэж дахиад барилдахгүй юм гэхэд ядаж эрүүл салах юмсан гэж бодсон.
- Хангарьд клубт харьяалагддаг бил үү?
-2006 оны намраас Сүхбаатар багшийн гар дээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Дараа жилийн хавраас нь анхны медалиа зүүж 2010 оноос Хангарьд спорт клубт харьяалагдаж эхэлсэн. Тэр үеэс олон улсын тэмцээн уралдаанд оролцож хоёр жилийн хугацаанд тив, дэлхийн аварга гээд оролцсон тэмцээн бүрээсээ медаль авсан. Хэдий хоёрхон жилийн хугацаа ч гэсэн чамлахааргүй амжилт гаргасан байдаг. Яг бөхийн спортыг ойлгож, өөрийнхөө хүчийг мэдэрч эхлэхдээ бэртсэн нь харамсалтай. Тэгээд тэмцээнд явахааргүй болчихоод дараагийнхаа залуу тамирчдад зайгаа тавьж өгье гээд л 2012 онд клубээсээ гарсан. Тамирчин хүний л амьдрал юм даа гэж боддог.
-Хангарьд клубт барилдаж байхдаа хамгийн оргил амжилтуудаа гаргаж байсан юм байна. Тухайн үед олон улсын тэмцээнд оролцоод ирэхэд болон хүнд хагалгаанд орохоор болоход хэрхэн дэмжсэн бэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль аваад ирэхэд Хангарьд клубээс 20 сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Тэр үед өвдөгний чагтан холбоос тасарсан байхад Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг хариуцсан Жаргалсайхан захирал хагалгаанд оруулж өгч байсан. Маш их баярлаж явдаг. Төд удалгүй мөр бэртээд тамирчныхаа карьерыг дуусгасан даа. Барилдаж байсан үеэ бодох гоё. Тамирчин хүнээс ачаалал, хүч хөдөлмөр сэтгэлзүй шаарддаг. Харин дасгалжуулагч бүх тамирчныг хариуцдаг учраас маш өндөр сэтгэлзүй шаарддагийг ойлгож байна даа.
-Тухайн үед гавьяат тамирчин болох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан гэсэн. Ерөнхийлөгчийн тамгын газраас дуудсан гэдэг бил үү?
-Гавьяат тамирчин болох болзлоо хангачихсан байсан. Тодорхойлолт хүрсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулсан. Буян заяа нь хазайгаагүй бол гавьяат цолоо авах байх аа.
-Бөхийн спортынхон таныг маш их дэмжиж байна. Шилдэг 16 бөхийн барилдааныг зохион байгууллаа?
-Хагалгааны хариугаа сонсоод шоконд орсон. Олон хүнд хандаж үзсэн ч тоогоогүй. Тэр болгонд, жижигхэн зүйлд мөр мултраад хэчнээн олон удаа уйлсныг минь хүмүүс мэдэхгүй. Хүмүүсийг гуйхын оронд хагалгааны зардлаа өөрөө ольё. Нэг мөсөн хагалгаандаа орчихоод ирье гээд Солонгос явж ажил хийсэн. Гэвч хагалгааны онош илүү ноцтой гарч яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсноор ах дүү, хамт олондоо хандсан даа. Солонгосоос ирээд дотны найз О.Насанбурмаадаа хэлж үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах санаагаа Х.Цагаанбаатар ахаас тусламж хүсэхэд маш гоё хүлээж авсан. Ингэж л нэгдсэн. Мөн олон хүн сэтгэлийн дэм, хандив өгсөн. Намайг тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.
-Хагалгаандаа орж ирчихээд барилдах уу?
-Дэвжээнээсээ буухгүй. Гэхдээ барилдахгүй. Дасгалжуулагчаа хийнэ. Нас залуу байгаа учраас өөрийнхөө хийж чадаагүйг, авч чадаагүй медалиудыг шавь нараараа авахуулахыг зорино. Олон зорилго тавьсан. Дараагийн О.Насанбурмаа, П.Орхон, С.Батцэцэгийг төрүүлэхийн төлөө ажиллана даа.