Мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан ирэх Бямбад Японы “Shoot boxing” тэмцээнд оролцоно. Есөн жил рингэд гараагүй завсарласан монгол тулаанч маань цахим хуудастаа “Би Японы дэвжээнд ойрд гарсангүй. Харин одоо энэ нөхөртэй тулалдахаар боллоо. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм” гэж бичээд өрсөлдөгчийнхөө зургийг тавьжээ. Тэр нь эзэн орны тамирчин Хокүто Кэнтаро юм. Тэр уг тэмцээний өнгөрсөн жилийн аварга 27 настай залуу. Мэргэжлийнхний дэвжээнд 23 удаа тулалдахдаа 18 ялж үүнийхээ тал хувьд дараалан дийлж шуугиулж яваа юм байна. Тэгвэл Ц.Амарбаясгаланд 40 удаагийн тулаандаа 31-д (10-ыг нь хүнд цохилтоор буулгаж авсан) ялалт авсан туршлага бий. Өдгөө 39 настай тэрбээр хамгийн сүүлд буюу 2012 онд Английн тамирчин Тэйсон Вүдхэмийг ялсан байдаг. “Амьдралын маань утга учир тулааны урлаг” гэж хэлдэг монгол тулаанч Ц.Амарбаясгалан сүүлийн үед дэвжээнд үзэгдээгүй ч өнгөрсөн хугацаанд “Shinobu Fighting Gym” клуб нээн ажиллуулж тэндээ чимээгүйхэн бэлтгэлээ базааж байсан ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин