М.БААСАНДЭЛГЭР

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжгийг 18:00 цагаас УДЭТ-ын тайзнаа өнөөдөр тоглоно.

Жүжгийн үйл явдлаас эргэн санавал Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигыг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Их хатан Цэцэр өөрөөс төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатаны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсч том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн юэгүтгэнэ. Харин хааны шадар Эгэрэг энэ бүхнийг зогсоож үл чадаад хар хорын сэтгэлдээ автахдаа хааны жинхэнэ хүүг хороон, өөрөө хаан ширээнд суухаар завдан хаантай тэрсэлдэж төрийн тамга, түмний эрхийг нэхэн байна.

Жүжгийн дүрүүд болох Арчуг хаанд МУГЖ Б.Жаргалсайхан, Эгэрэг өрлөгт АЖ П.Цэрэндагва, Цэцэр хатанд СТА Б.Нармандах, Гүргэл хатанд СТА М.Тогтохжаргал нар тус тус тоглоно.

Эх сурвалж: www.polit.mn