Өвлийн олимп “ПёнЧан -2018”-д  өмнөх өвлийн олимпийн тоглолттой харьцуулбал хамгийн олон тамирчин оролцох  ажээ.  Өвлийн олимпийг зохион  байгуулах хорооноос  энэ сарын 9-25-ны  өдрүүдэд болох олимпод 92 орны  2.925 тамирчин оролцоно гэж мэдээлэв. Энэ нь 2014 онд Сочид болсон өвлийн олимпод оролцсон тамирчдын тооноос давж байна. “Сочи-2014”-д 88 орны 2.858 тамирчин оролцож байсан аж. АНУ гэхэд л өмнөх өвлийн олимпод оролцуулж байгаагүй олон буюу 242 тамирчнаа  оролцуулахаар болжээ.  Үүний араас 226 тамирчин оролцуулах Канад  жагсчээ.   Норвегиос 111 тамирчин оролцох болсноор жагсаалтын III байрт явж байна.  Харин  өнгөрсөн олимпод сэргээш хэрэглэсэн шалтгаанаар ОХУ-ын баг тамирчид энэ олимпод оролцох боломжгүй болсон. Гэхдээ тус улсын 169 тамирчин  олимпийн тугийн дор жагсч оролцохоор болжээ. Түүнээс гадна Олон улсын олимпийн хорооноос хэдийгээр Хойд Солонгосын хоёр уран гулгагч оролцох ч спортын 22 төрөлд тамирчнаа оролцуулах боломж олгожээ.  Хойд Солонгосын 22 тамирчны 12 нь эмэгтэй хоккейн багийг Өмнөд Солонгосын тамирчидтай бүрдүүлж тоглоно. Харин үлдсэн тамирчид спортын таван төрөлд оролцож хүчээ сорих ажээ.   Хоёр орны хооронд  65 жил гаруй дайн үргэлжилж байгаа ч тэдний  эмэгтэй хоккейн баг өвлийн олимпод нэгдэж тоглох болсон нь  хоёр орны төлөөлөгчид энэ сард хэлэлцээр амжилттай хийсний үр дүн юм. Энэ хэлэлцээрийг Өмнөд Солонгосын тал   “Найрамдлын тоглолт” хэмээн нэрлэжээ. Түүнээс  гадна хоёр Солонгос энэ сарын 9-нд болох олимпийн нээлтийн үеэр нэг туган дор жагсч оролцохоор боллоо.    Хоёр Солонгос 2006 онд Туринд болсон олимпоос хойш олимпод нэгдэж оролцоогүй. Түүнээс хойш анх удаа нэгдэж оролцох гэж байгаа нь энэ юм.   Олимпийг зохион байгуулж байгаа Өмнөд Солонгосоос  144 тамирчин оролцох болсноор энэ орны хувьд хамгийн олон тамирчин оруулж амжилт тогтоож байгаа хэрэг болж байна.

“ПёнЧан -2018”-д  Малайз, Сингапур, Косово болон Эквадор  оролцоно. Эквадороос цанын чөлөөт төрлийн 15 км-т  Клаус Юнглбут уралдах ажээ.   Латин Америкийн орнуудаас Аргентин, Болив, Бразил, Чили, Мексик болон Пуэрто-Рико оролцож байна.   Энэ олимпод Испани 12 тамирчнаа оролцуулахаар болжээ.    Мөн энэ олимпоос  тамирчид 102 алтан медаль хүртэх боломжтой ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин