Х.ОЮУНБОЛД
“ПёнЧан 2018” эхлэхэд долоо хоног үлдээд байна. Энэ наадамд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өвлийн олимпод манай тамирчдын багийг ахалж оролцохоор болсон.Манай тамирчид 1988 онд Сөүл хотноо зохиосон 24 дэх удаагийн зуны олимпод анх оролцож, боксчин Н.Энхбат хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа манай тамирчид оролцох энэхүү тэмцээнийг монголчууд хэр их үзэхээр зорьж буйг “Нью жуулчин турс” компанийн Азийн газрын захирал З.Мөнхтөгсөөс тодруулав. Тэрээр “Манайх нэг ээлжиндээ 20 хүнийг аялуулж байгаа. Нийт 120-150 хүн аялуулахаар зохион байгуулсан. Одоогийн байдлаар борлуулалт дууссан. Мөн БНСУ-ын ЭСЯ ачаалал их байсан учраас виз хамгийн багадаа 21 хонож гарч байна. Иймээс энэ сарын 20-ноос хойш нэмж хүн бүртгээгүй. Манайхаас зохион байгуулж байгаа аяллын хөтөлбөрийг нийтдээ 6-7 хоног хийхээр төлөвлөөд байна. Үүнээс гурав хоногийг нь БНСУ-ын үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар аялахад зарцуулах юм. Харин үлдсэн гурав хоногт нь олимп үзнэ. Мөн “Нью жуулчин турс” компани “Үндэсний агаарын тээврийн “МИАТ” компанитай нийт захиалгын 70-80 хувийг хийсэн байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хувь хүний сонголтоор зарим аяллын захиалгыг “Кореан Эйр” компанитай хийсэн. Түүнчлэн олимпийн нээлт болон хаалтын багцууд илүү үнэтэй зарагддаг. Тиймээс энэ хоёр аялал бусдаасаа үнэтэй” гэв. Олимпийн тасалбар борлуулах эрх авсан компани байгаа эсэхийг асуухад “Манай компани МҮОХ болон “ПёнЧаны Олимпийн зохион байгуулах хороотой” гурвалсан гэрээ байгуулж, Монгол улсын нутаг дэвсгэрт олимпийн тасалбар борлуулах онцгой эрхийг эзэмшиж байна. Албан ёсны сайтууд дээр ч гэсэн зөвхөн манай хаяг байгаа. Тиймээс манайхаас өөр компани байхгүй” гэсэн юм. Харин Өмнөд Солонгост олимпийн тоглолтын тасалбарыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 9-нөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл иргэддээ зориулан эхний ээлжийнхийг борлуулж эхэлсэн гэж олимпийг зохион байгуулж буй хорооноос мэдээлсэн байна. Тэгвэл бусад орны иргэд амьдран суугаа орныхоо олимпийн хороо эсвэл албан ёсоор тоглолтын тасалбар борлуулах эрх авсан зуучлагч газарт хандах хэрэгтэй ажээ. Орон нутгийн олимпийн хороо, албан ёсны зуучлагчдын талаар мэдэхийг хүсвэл олимпийн тасалбарыг борлуулж буй цахим хуудас “tickets.pyeonchang2018.com”-д хандаж болох юм байна. Эхний ээлжинд худалдаалагдах тасалбарын 60 хувь нь өндөр үнэтэй. Харин туршилтаар гаргасан хямд үнэтэй тасалбарын 80 хувь нь худалдаанд гарсан даруйдаа зарагдсан ажээ. Олимпийн нээлт, хаалт, уран гулгалт, ойрын болон холын зайн хурдны гүйлт, цанатай харайлт болон эрэгтэй, эмэгтэй хоккейн багийн тоглолтын тасалбар өндөр үнээр зарагдаж байгаа юм. Тухайлбал, нээлт, хаалтын тасалбарын хамгийн үнэтэй нь 1.300 ам.доллар. Хямдхан нь 190 ам.долларын үнэтэй. Үлдсэн бусад тасалбарыг онлайнаар өнгөрсөн есдүгээр сарын 5-наас, тасалбар борлуулах цэгүүдээр аравдугаар сараас эхлэн худалдаалж эхэлжээ. Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх захирал Кристофи Дубигийн хэлснээр ойролцоогоор олимп үзэх 1.1 мянган тасалбарын 55 хувь нь зарагдсан байна.
Харин өвлийн олимпод нийт 92 орны 2.925 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгч баталгаажуулжээ. Энэ нь өмнөх өвлийн олимпод оролцож байсан орон болон тамирчны тоо нэмэгдсэн гэсэн үг хэмээн олимпийг зохион байгуулж буй хорооноос онцоллоо. Тухайлбал, 2014 онд Сочид болсон олимптой харьцуулах юм бол дөрвөн орны 67 тамирчин нэмэгдэж оролцож байна гэв. Мөн нийтийн цанын уралдаан, агаарын сноүбоард, багийн уулын цана болон карлингийн холимог багийн тоглолт гэсэн дөрвөн спортын төрлийг нэмж оруулжээ. Олимпод оролцож байгаа тамирчид 102 алтан медалийн эзэн болохын төлөө өрсөлдөх юм. “ПёнЧан-2018”-ыг үзэж сонирхохоор 21 орны 26 төр засгийн тэргүүн, ерөнхийлөгч очих ажээ. Тэднээс 16 нь урилгаар өвлийн олимп “ПёнЧан 2018”-ын нээлтэд оролцоно гэж Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын албаны дарга Нам Гван Пио ярьсан байна.
Өвлийн олимпийн тасалбарын ирж буцах үнэ ямар үнэтэй байгааг гадаадын болон дотоодын нислэгийн авиа компаниудын онгоцны тийз борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг “Airlink” компанийн кассаас лавлахад “Энэ сарын 7-28 ныг хүртэл МИАТ компанийн Солонгос руу зорчих тасалбар хоёр талдаа өнөөдрийн ханшаар 1.298.400 харин “Кореан Эйр” компанийнх 1.264.110 төгрөгийн үнэтэй байна” гэлээ.
Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин