Р.ОЮУН
Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан ХСҮТ, ХААН банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы найм дахь жилийнхээ нээлтийг өчигдөр хийлээ. Анх 2011 онд ХСҮТ, ХААН банк, МҮОНРТ хамтран аян хэрэгжүүлэх гэрээг үзэглэж байв. Аяны хүрээнд долоон жилийн хугацаанд 115725 хүнд аз жаргал, эрүүл амьдрал бэлэглэж, 9485 эмч, ажилтан сургалтад хамрагджээ. Нээлтийн үеэр ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Белл, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар үг хэлсэн юм.
ХСҮТ-ийн захирал, профессор Ж.Чинбүрэн: ЭНЭ ЖИЛ ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРТ АНХААРНА
-Халдварт бус өвчин, түүний дотор хорт хавдар дэлхий төдийгүй Монголын тулгамдсан асуудал болоод байна. 2011 онд манай төвөөс санаачлан МҮОНРТ, ХААН банк сантай хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлж орон нутагт 92 удаа очиж үзлэг, шинжилгээ хийж эрсдэлт бүлгийн 115 мянган хүнд үзлэг хийж 550 хорт хавдар илрүүлж, 477 мэс засал хийсэн. Элэгний өвчлөлийн хувьд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэн дэвшил гарч байна. Бид дараагийн ээлжинд ходоодны хорт хавдрын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц: МЭДЭЭЛЭГЧ БУС ХАМГААЛАГЧ, КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР ОРОЛЦОНО
-Монголын өнцөг булан бүрт суугаа иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход өөрсдийн мэдээллийн бүх сувгаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийлээ. Бид энэ жил 600 минутын “Жаргалан” эрүүл мэндийн тусгай хөтөлбөр хийхээр төлөвлөөд байна. Мөн эрүүл аж төрөх ёс, зан үйлийг харуулсан, олон ангит “Амьдрал” кино хийх саналаа өглөө. Энэ онд зөвхөн мэдээлэгч бус хамгаалагч, контент үйлдвэрлэгчийн үүргээр оролцох болно.
ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Белл: ХАВДРЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
-ХААН банк хэдийгээр бизнесийн байгууллага ч нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө анхаарал хандуулах ёстой гэж үздэг. 2007 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх өөрийн сантай болсон. Бидний давуу тал нь 21 аймагт салбартай учраас салбаруудаараа дамжуулан мэдээлэл түгээх боломжтой. 2011 оноос монголчуудын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-д нэгдсэн. Цаашид ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, гэр бүлд тулгамдаж байгаа хавдрын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэв.
Хорт хавдар нь манай орны хүн амын нийт нас баралтын хоёр дахь шалтгаан төдийгүй нас барж байгаа таван хүний нэг нь энэ өвчний улмаас нас бардаг. Нас баралт өндөр байгаа нь хорт хавдрын 76 хувь нь төгс эмчлэгдэх боломжгүй хожуу үедээ оношлогддог, энэ өвчин үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт их байгаатай холбоотой юм. Энэ жил “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин