Д.ЦЭРЭННАДМИД
Улсын өсөх идэр начин Будын Чинзоригтой ярилцлаа. Бид хоёр зөвхөн бөхөө л ярьлаа. Өөр хазайлт байсангүй. харин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнт-Өнгөтийн хэцийн тэр Эрэгнэгийн говь, их, бага Баянхошууны хүүхэд гэдгийг нь тодруулж мэдлээ. Олон л хүнтэй ярилцаж байлаа. Энэ Б.Чинзориг шиг шударга, сайхан яриатай хүн төдийлэн олон байсангүй ээ.
-Өөрийгөө маш товчхон танилцуулчихна уу?
-Нутаг усыг минь та мэддэг бололтой юм. Буд гэдэг хүний отгон хүү нь. Манай аав бригадын дарга, тоо бүртгэгч байлаа. Гэхдээ аав, ээж хоёр маань угийн малчин хүмүүс. Ээж минь депутат явсан Б.Лувсмаа гэж хүн. Би дээрээ таван ах, хоёр эгчтэй хүн.
-Багаасаа барилддаг байв уу?
-Эрдэнэдалайн сургуульд байхаасаа л ноцолдох дуртай байлаа. Цэрэгт ирэхээсээ өмнө сумандаа болдог ойр зуурын наадамд барилдаж хааяа нэг цай, дээлийн өнгөөр шагнуулдаг байв. Ингээд л цэрэгт татагдан ирснээр тамирчин болох замд орсон.
-Өөрийн чинь удамд бөх хүн байсан уу, удам судраа сонирхдог биз?
-Аав, ээжийн удамд бяр тэнхээтэй сайхан хүмүүс байсан л юм билээ. Аавын өвгө нэг бяртай хүний тухай бүдэг бадаг үг дуулсаан. Таргын таван ямаатай айл байж. Тэгээд ямаандаа хашаа барихдаа ердөө долоон чулуугаар барьсан гэж. Долоон чулуу цөөн ч гэлээ хороо халх болно гэдэг овоо том чулуу байсан болж таарна. Одоо тэр чулуунууд бий гэж Дэлгэрхангайн нэг буурал хэлсэн. Би очиж үзэж амжаагүй л байна. Ер нь аавын өвгө дээдэс Өмнөговь аймгаас гаралтай юм гэдэг. Баян-Овоо сумын харьяат, улсын начин Т.Энхтуяа, түүний аав аймгийн арслан Түвшинтөр, гээд аавын минь хамаатан улс юм гэнэлэй. Бас нэг сонин түүх сонссон. Аавын талын тэр тэнхээтэй эр зудад хага хөлдөөд үхсэн хоёр тарган адууг хөл мөчийг нь тасалж хаячихаад давхраар нь үүрээд ирж байсан гэж. Эдгээр түүхийг би удахгүй тодруулж мэднэ ээ.
-За тэгээд өөрийг чинь бөх болоход нөлөөлсөн хүн хэн бэ?
-Аймгийн арслан Санжаасүрэн агсан. Одоо энэ жүдогийн С.Мияарагчаагийн аав. Манайхтай ч хамаатан талын хүн. Намайг цэрэгт ирэхэд энэ хүн тосч авч улмаар самбо, жүдогийн секцэнд явуулж эхэлсэн. Ойр зуурын тэмцээнд ч оролцдог байлаа. Би өөрөө бол үндэсний бөхдөө л дуртай байв.
-Анхны барилдаан, анхны цол гээд ярьвал...?
-2000 онд аймгийнхаа наадамд очиж барилдаад үзүүрлэж аймгийн заан цол авсан. Улсын начин Ц.Цогтжаргалын түрүүлсэн наадам л даа. 2001 онд мөн аймгийнхаа наадамд хоёр дахиа үзүүрлэсэн. Бүх цэргийн наадамд хэд барилдахдаа 3-4 л давсан хүн дээ.
-Улсын баяр наадмын босгыг хэзээ алхсан бэ?
-2003 онд улсын баяр наадамд анх зодоглосон. Хоёрын даваанд унасан. Ер нь нэг биш наадмаар хоёрын даваанд “өнхөрчихсөн” санагдаж байна. Улсын начин болохынхоо өмнөх жил буюу 2006 онд 1024 бөх барилдахад дөрвийн даваанд улсын начин Б.Адъяахүүд унасан. Тэгээд 2007 онд улсын заан Д.Рагчаагаара дөрөв, улсын заан Ч.Батзоригоор тав давж улсын цолтой бөх болж байлаа. Яахав түмний дэмжлэг сайхан л санагдсан. 2009 онд улсын заан Б.Сайнбаяраар тав давж начин цолоо баталсан. 2010 оны наадмаар Завхан аймгийн харцага Э.Баасандоржтой гурвын даваанд барилдаад бараагүй юм даа. 2011 онд түвэг багатайхан дөрөв даваад Хөвсгөлийн бөх А.Батмөнхийг амлан аваад унасан шүү дээ. Үүнийг түмэн мэдэж байгаа л даа.
-Амлаж аваад л унасан удаа олон байж. Ноднин тэр жижигхэн А.Батмөнхийг дийлээгүй юм уу?
-Дийлээгүй биш ээ. Нэгэнт наадамчин олны нүдэн дээр болсон явдлыг нууж хаагаад юугаа хийхэв. Ирээдүйтэй сайхан залуусыг даваа ахиулж дэмжиж өгдөг уламжлал үндэсний бөхөд дээр үеэс л байсан гэдэг шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд би өдий хүртэл хэнээр ч заалгаагүй, хэний ч үгэнд ороогүй өдий хүрч явна. Гэхдээ эцэг, эхийнхээ, ханийнхаа үгэнд ордоггүй хүн биш. Тэгэхээр намайг тэг, ингэ гэж хэн ч тушаах эрх байхгүй. Ийм бие бялдар, жаахан ч гэсэн хүч тэнхээ заяасан нь бурхнаас өгсөн боломж. Ер нь бөхийн спорт гэдэг хатуу тоглоом шүү дээ. Зуун залуу бэлтгэл хийе гэж бодъё. Түүнээс 10 нь амьдралаа аваад явахуйц амжилтад хүрнэ гэдэг юу л бол.
-Өөрийг чинь өмнөх наадмаар нутаг нэгт А.Алтанхуягийг авсангүй. Жудаггүй нөхөр энээ тэрээ гээд л ярьсан даа зөндөө...?
-Бөөн л яриа болсон. Тэр дотор огт худал юм бий. Тэр нь Чинзоригт Алтанхуягийг начин болго гэж мөнгө төгрөг, машины түлхүүр өгсөн чамлаад аваагүй гэж. Үүн шиг таг худал юм гэж байхгүй. Алтанхуяг ч надтай үг солиогүй. Зүгээр л надад хорссон зарим нөхөд тийм худал үг гаргаж олон түмэнд итгүүлэхийг оролдсон. Олон ч хүнийг тэр худал үгэндээ итгүүлж чадсан байгаа юм. Худлаа үгийг мянга дахин хэлэхээр үнэн болдог гэдэг шиг. Хэрэв би тийм явдал болсон бол нууж хаагаад байх юм алга.
-Аймгийн арслан А.Алтанхуяг та хоёр нэг аймаг, нэг сумынх. Нэг нь намайг дэмжээч гэмээр, нэг нь дэмжих санаа баймаар даа?
-Алтанхуяг өөрөө юм ярьдаггүй. Гэтэл нэг нөхөр утасдлаа. Надад:
-Чи хө тэр Алтанхуягийг тавын даваанд ав гэж их захирах маягийг хэлээд утсаа тасалчихлаа. Буцаагаад залгасан чинь уртсаа салгачихсан байсан. Тэгэхээр нь шал дургүй хүрэхгүй юү. Ийм л юм болсон. Гэтэл өгсөн юм чамлаад аваагүй гэж огт худал цуу тараасан.
Наадмын дараа өөрсдийн бодлогогүй, алдаа бүхнээ зоргоороо яваа ганцхан надад тохсон хүмүүс сүүлдээ юм бодоо байлгүй. Намайг зарим нь муу начин гэдэг гэсэн. Тэгж ярьвал би начингаа баталсан хүний нэг.
-Танай аймгийн бөхийн холбоо чинь хэр ажилладаг вэ?
-Тун тааруу ажилладаг юм даа. Бөхчүүдээ нэг хэсгийг нь дэмжээд байгаа ч юм шиг нөгөө хэсгийг нь доош нь хийгээд байх ч шиг. Хэцүү дээ хэцүү. Залуучуудыг сайн дэмждэггүй юм шиг санагддаг. Ер нь бөхөө дэмждэг газраас л бөх төрдөг юм шүү дээ.
-Удахгүй наадам болох нь. Бөхчүүд бэлтгэлдээ гарч эхэллээ. Өөрөө “Түшээт ханы аварга” дэвжээнийхээ бөхчүүдтэй бэлтгэлд гарна биз?
-Үгүй ээ. Би өөр газарт өөр бөхчүүдтэй бэлтгэлд гарна.
-Цолоо ахиулах хүсэл бөх бүрт байдаг. Өөрт чинь тэр боломж ер нь олдоогүй юу?
-Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэгчээр бодож явдаг юмны нэг тэр л дээ. Гэхдээ цаг нь болж нөхцөл нь бүрдээгүй байх шиг. Хэзээ ч юм биелэхийг хэн байг гэхэв.
-Өөрт чинь барилдах бүрийг нь харж даган дууриах юмсан гэж бахархаж явдаг бөх байдаг уу?
-Ц.Цэрэнпунцаг гарьдыг л шүтдэг юм. Сайхан хүн шүү. Зан ааш нь хүртэл эвлэг. За тэгээд хүндэлж явдаг бөхчүүд зөндөө. Ер нь бөхчүүдийн хувьд бие биедээ дэндүү сайн шүү дээ.
-Нэг бууж өгсөн худлаа унасан бөх цаашид сайн барилдахгүй болчихдог гэсэн үг байдаг. Ухаандаа бөх хүний хийморьт муу ч гэдэг юм уу даа?
-Тийм үгийг дуулсан. Гэхдээ билгэ дэмбэрэлийн чанартай л үг. Ер нь зөв хүнд өгч үү, буруу хүнд өгч үү гэдгээсээ шалтгаалах байх. Миний хувьд зөв хүнд өглөө л гэж боддог доо. Өгч болох, болохгүй бөх гэж байдаг гэж л сонссон.
-Танай Эрдэнэдалайнхан айрагтай, найртай газар. Тэгвэл өөрөө хуруу, дэмбээнд хэр вэ. Айраг сайн ууна биз?
-За даа, айрганд тун маруухан. Харин хуруудвал хуруудчихна, дэмбээдвэл дэмбээднэ. Гэхдээ хүн хожихгүй дээ.
-Танай нутаг хонхор чинь бөх олонтой юу?
-Ер нь манай сумын бөх гол нь нэг л хонхроос гарсан байдаг юм. Дээхнэ үеийнхээс жанжин Мижид энэ тэр гээд. Сүүлд цэргийн арслан Санжаасүрэн агсан байлаа. Аймгийн арслан Б.Болдбаатар, Д.Баатарсүх, Ц.Молдой, Батсүмбэр гээд зөндөө бөхтэй.
-Бөхийн төрлөөс өөр ямар спорт сонирхдог вэ?
-Ямар ч төрөлд өөрийн хэмжээнд тоглочихно. Сонирхогчийн хэмжээнд шүү дээ.
-Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе?
-За баярлалаа. Та Чинзориг гэдэг хүн ер нь ямар хүн бэ гэж л сонирхоод байх шиг байна. Тэгвэл би улаан цайм худлаа юман дээр баясаж хөөрөөд энэ тэрийг дагаж далдагнаад байж чаддаггүй. Хэзээ ч өөрийнхөөрөө байхыг л хичээдэг дээ. Энэхэн үе, нийгэмд ер нь хэн нэгнийг дагаж худал, үнэн заавал хольж явах цаг юм уу мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд энэ нийгэмд хүн дандаа хүнийг бодоод хэн хүнд таалагдах гэж хуурамч дүр эсгээд яваад байвал өөрөө хоосон үлдэнэ. Өөрөө өөрийнхөө төлөө явахгүй бол тэгсхийгээд амьдрал дуусна гэсэн үг. Үнэн юм үнэнээрээ байх сайхан. Ийм л бодолтой хүн дээ, дүү чинь.