Д.ЦЭРЭН
ОХУ-ын нэрт бөх, олимпийн аварга Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Красноярск хотод болж өндөрлөлөө. 29 дэх удаагаа болсон энэ уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Хятад зэрэг 20 орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдсөн байна. Энэ тэмцээнд манай улсаас 60 бөх зодоглож нэг алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртлээ. Чөлөөт бөхийн дэлхийн отгон аварга, гавьяат тамирчин П.Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж энэ жингийн босоо бөх гэдгээ дахин харууллаа. Тэрбээр “бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг энэ тэмцээнд гурав дахь удаагаа аваргалж байгаа юм.
П.Орхон гавьяат маань хагас шигшээд өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдсөн ОХУ-ын тамирчин И.Тражуковаг илүүрхэн ялсан бол энэ удаа алтан медалийн төлөө Японы бөх К.Сакаег оноогоор (10:0) цэвэр ялж Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Монголын 12 дахь бөх боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн Азийн АШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа гялалзтал барилдаж мөнгөн медалийн эзэн болов. Тэр алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинд ялагдсан байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д спортын мастер Ц.Цогбадрах, 61 кг-д Т.Түвшинтулга, 92 кг-д Л.Төртогтох, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 65 кг-д З.Болортунгалаг, Э.Цэвэгмид, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн тавцанд зогсов. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Иван Ярыгиний нэрэмжит энэ удаагийн “Алтан гранпри”-гээс эхлэн эрэгтэй бөхчүүдэд дэлхийн чансааг олгохоор шийдвэрлэсэн нь тэмцээнийг өрсөлдөөн илүүтэй болгов.
Тэгвэл манайхаас оролцсон есөн эрэгтэй тамирчин хүрэл медалийн төлөө барилдаж дөрөв нь шагналын тавцанд зогсож чадсан байна. Энэ удаагийн тэмцээний эрэгтэй 10 жингийн наймд нь ОХУ-ын тамирчид аварга болсон бол эмэгтэйчүүдийн жингийн тавд БНХАУ, гуравт нь Японы бөхчүүд тэргүүлэв. Үлдсэн хоёр жинд Монгол, АНУ-ын бөхчүүд манлайлсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин