Д.НАДМИД
Харүмафүжи аварга зодог тайлах болсноор дөрвөн аваргатай башё төгсгөл болсон. Ингээд нэгдүгээр сарын тэмцээнд Хакүхо, Кисеносато, Какирюү гэсэн гурван аварга дэвжээнд гарсан. Энэ үед энэ гурвын нэг л түрүүлж таарахнээ гэсэн таавар сүмо сонирхогчид ярьж эхэлсэн. Гэтэл тэмцээний гурав, дөрөв дэх өдрөөс их аварга Хакүхо, аварга Кисеносато нар бэртлийн улмаас тэмцээнийг орхисон юм.
Тэгснээр зуд ирвэл... гэдгийн үлгэрээр үлдэж хоцорсон ёкозүна Какирюү Анандад “Чи л түрүүлнэ шүү” гэсэн тусгай даалгавар ирэх шиг болсон. Гэтэл тэмцээний эхний 10 өдөр дараалан даваа авсан Какирюү дөрвөн өдөр дараалан унаж түрүүлэх найдвараа үгүй хийчихэв. Тэгэхээр хэн түрүүлэх вэ гэсэн асуулт гарч ирсэн. Озеки нар бас хэд хэд унаад таавраас хасагдав. Такиясү сайн барилдсан ч түрүүлэх хэмжээнд очиж чадсангүй. Тэдний бүтэлгүйтлийн далимд маэгишира Точиношин ганцаар тэргүүлсээр тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзлоо хангачихдаг байгаа. Тийнхүү Гүржийн Точиношин 14 даваатай Эзэн хааны цом хүртсэн нь Японы мэргэжлийн сүмод Европын бөх түрүүлсэн нь гурав дахь тохиолдол байлаа. Бас маэгашира цолтон түрүүлэх тун ховор. Харин Точиношин гавьяат тамирчин Н.Цэвэгнямаас хойш зургаан жилийн дараа энэ амжилтыг давтлаа. Гүржийн сүмоч одоо 31 настай. Сүмод 12 дахь жилдээ барилдаж байгаа. “Касүгона” дэвжээний бөх. Мэргэжлийн сүмод 487 давж 402 унаж, 56 удаа өнжсөн гэх. Өмнөх амжилт гэвэл жюүрёод гурав, макүшитад хоёр удаа түрүүлж байж. Түүний жинхэнэ нэр Леван Горгадзе. Японд 17 настайдаа очсон. Тэрбээр Эзэн хааны цом хүртэхдээ тун санамсаргүй юм боллоо гэсэн аястай үг хэлнэ лээ. Магадгүй аварга, арслан, заан цолтнуудыг тийм амархан зайгаа тавиад өгчихнө гэж бодоогүй биз.
-Би 12 жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ. Их баяртай байна. Ер нь бол сайн барилдъя л гэж бодож байснаас түрүүлнэ гэсэн зорилго тавьж байгаагүй ээ. Тэгээд түрүүллээ . Гүржид байгаа гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж баяраа хуваалцлаа. Би саяхан охинтой болсон. Тэр минь наддаа түрүү дагуулж ирж. Охиндоо том бэлэгтэй очихнээ би гэж ярив.
Бас бэртлийн улмаас дөрвөн башё өнжихдөө зодог тайлдаг ч юм уу гэж бодож байснаа дурсав. Үгийнхээ төгсгөлд түшиж тулдаг, тусладаг бүх хүмүүсийнхээ ачийг бодож цаашид сайн барилдан ёкозүна болохын төлөө хичээнэ гэж ам алдав. Зарим онцлог амжилт үзүүлсэн бөхчүүдийн нэг гэвэл маэгаширагийн нэгээс боссон Ичиножёо А.Ичинноров арав давж тун сайн барилдав. Араваши Э.Дөлгөөн тавин хувиа хийж чансаа ахихаар боллоо. Японы талаас дээд зиндааны шинэ бөх Рюүдэн, Аби гэдэг хоёр залуу арав, арав давж шуугиан тарив.
Озеки Такиясү цолныхоо хэмжээнд барилдаж 12 даваа авсан. Харин тааруу мэдээ хэлбэл Тамаваши Э.Мөнх-Оргил зургаахан даваа авснаар секиваке цолоо алдсан бол озеки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээн дундуур эмнэлэгт хэвтээд дахин барилдсан ч даваа аваагүй учир ирэх башёд жюүрёод унахаар шийдэв дээ. Маэгаширагийн долоогоос босч барилдсан Чиёшома Г.Мөнхсайхан зургаа давсан ч есөн унаатай тэмцээн дуусгав. Түрүүчийн башёд амжилттай браилдсан Оношёо, Такекейши нарын залуус энэ удаа бүтэлгүйтэж комүсүби цолоо алдах “болзол хангав”.
Тэгэхээр санякү цолны хэд хэдэн “орон тоо” гарлаа. Барилдааны амжилтаар лав Ичиножёо, түрүү бөх Точиношин нар секиваке цол хүртэх бололтой аж. Комүсүбид ч хоёр бөх очноо бас. Ёкозүна Кисеносатогийн ирээдүй тун бүрхэг. Тэрбээр дараагийн башёд олигтой барилдаагүй тохиолдолд цолоо хураалгах юм уу зодог тайлахаас аргагүйд хүрэх бололтой ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин