Ч.ГАНТУЛГА
“Сонгодог урлаг”-ийн энэ удаагийн зочноор УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруулыг урьсан юм. Түүнийг сонгодог урлагийн үнэнч фэнүүд нь энэ цагийн “Театрын хун” хэмээн өргөмжилдөг билээ.
-Зөвхөн Б.Саруулын бүжиглэхийг үзэх гэж театрыг зорьдог үзэгчид байдаг. Энэ цагийн үзэсгэлэнт хун саяхан “Хунт нуур”-таа гоцоллоо. Та үнэхээр гайхалтай харагдаж байсан шүү?
-Баярлалаа. Сонгодог урлагт хайртай түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай театрын уран бүтээлчид 2018 оны балетын эхний үзвэрээ А.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр нээлээ. Үзэгчид сайхан хүлээж авсан. Миний хувьд хоёр дахь өдрөө гоцолсон. Харин эхний өдөр манай бүжигчин О.Анужин бүжиглэсэн.
-Таны хувьд хар, цагаан хунд гоцлоод багагүй хугацааг үджээ?
-Би театртай хувь заяагаа холбоод, энэ балетад бүжиглээд 10 жил болж байна. Уран бүтээлчийн хувьд сонгодог урлагийн ноён оргил болсон энэ бүтээлд бүжиглэх бүртээ үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж, сэтгэлийн таашаалыг мэдэрдэг. Энэ удаагийн тоглолт ч сайхан болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байна.
-Энэ бүтээлийг анх тавьснаас хойш утга найруулгын хувьд өөрчлөлт орсон болов уу?
-Энэ бүтээлийг анх сонгодог хэлбэрээр нь хэрхэн тавьж байсан тэр уламжлалыг нь бид өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэл хийгээгүй.
-10 жилийн өмнө “Хунт нуур”-аар анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?
-Их догдолдог байсан. Хоёр гурван сарын өмнөөс бэлтгэлдээ орж, тоглолт болтол зөвхөн дүрээрээ амьдардаг байлаа. Амьдралынхаа ихэнх цагийг бэлтгэлийн зааланд өнгөрөөж, уйгагүй бэлдсэний хүчинд анхны тоглолт маань их сайхан болж, хүмүүсээс олон урмын үг сонсч байснаа мартдаггүй.
-Одоо илүү туршлагажсан байх даа?
-Жил бүр энэ балетыг уламжлал болгон тоглодог учир ерөнхийдөө 14 хоногийн өмнөөс бэлтгэлдээ ордог болсон. Анх гарч байснаа бодвол дүрийнхээ тухай арай илүү мэдлэгтэй болж, яаж гаргах вэ гэдгээ ойлгож байна. Гэхдээ тайзан дээр гарах бүртээ баярлаж, догдолдог сэтгэл минь хэвээрээ.
-Таны урласан Одетта их уян зөөлөн, нисэх мэт хөнгөн болох шиг ажиглагддаг. Нууц нь юунд байна вэ?
-Нэг тоглолт дээр хар, цагаан хунг зэрэг бүжиглэдэг. Цагаан хунгийн хувьд хайр дурлал, сайхан сэтгэлийн илэрхийлэл учир уян зөөлөн байдлаар нь дүрээ тодотгохыг хүсдэг. Анх бүжиглэж байхад гарын дэвэлт, зогсолтгүй үргэлжлэх хөдөлгөөн нь жаахан хэцүү санагдаж байсан. Гэхдээ бэрхшээл бүхнийг давж байж, амжилтад хүрдэг шүү дээ.
-Харин хар хунгийн хувьд?
-Хар хун бол цагаан хунгийн эсрэг тал. Тиймээс ханхүүг ховсдож байгааг нь илүү ширүүн характер, техникээр харуулахыг хичээдэг. Бүжигчнээс илүү уран чадвар шаарддаг гэж ойлгож болно.
-Таны гүйцэтгэдэг хар хунгийн 32 эргэлт гайхалттай харагддаг шүү?
-Хар хунгийн 32 эргэлтийг бүжгэн жүжгийн төгсгөлд нь хийдэг. Тоглолтын турш бүжиглээд ядарчихсан биеэр 32 эргэнэ гэдэг хэцүү. Хэрэв энэ эргэлтийг эхэнд нь хийдэг байсан бол ямар ч бүжигчин бүжиглэнэ. Харин төгсгөлд хийдэг учир бүжигчнээс илүү их тэсвэр тэвчээр шаарддаг.
-Таны хувьд хунгийн дүрийг хэнээс өвлөж авсан бэ?
-Энэ дүрийг анх гардаж, заасан хүн бол гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш. Өөрөө хунд бүжиглэж байсан учир илүү ойр дотно санагддаг байлаа. Харин надтай тайзан дээр хунг бүтээж байсан бүжигчин бол гавьяат жүжигчин Ч.Ганчимэг эгч минь. Хамт, зэрэгцээд бүжиглэдэг байсан учир энэ хүнээс их олон зүйлийг сурсан гэж боддог.
-Та яагаад балетын бүжигчин болохоор шийдсэн юм бэ. Удамд тань урлагийн хүн бий юу?
-Би Сүхбаатар аймагт бага сургуулиа төгссөн. Багаасаа л дуулж, бүжиглэх сонирхолтой хүүхэд байлаа. Үүнийг ч аав, ээж минь их дэмжсэн. Манай эмээ ЦДБЭЧ-ын дуучин байсан. Жаахан охин байхаасаа балетын урлагт дурлаж, бүжигчин болохоор шийдээд Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид орсон юм. Анх Зууны манлай бүжигчин Ю.Оюун багш нэг сар бэлтгэл хичээл орсон. Дараа нь Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа багш надад бүх зүйлийг зааж сургасан. Балетын бүжигчин их уян налархай, зөөлөн, сунгалт сайтай байх хэрэгтэй. Харин миний хувьд сунгалт жаахан тааруу байлаа. Тиймээс эхний нэг жил хэцүү байсан. Багш нар чангыг ч хэлэх үү. Шантрах үе олон байсан. Харин хоёр дахь жилээсээ учраа олоод өөрийн арга барилд суралцаж эхэлсэн.
-Та өөрийгөө анх хунд бүжиглэнэ гэж төсөөлдөг байв уу. Сонгодог урлаг таны амьдралд юуг сургаж байна?
-Үнэндээ яагаад ч юм “Хунт нуур”-т бүжиглэнэ гэж төсөөлж байгаагүй. Надаас өөр техниктэй хүн л бүжиглэх байх гэж боддог байсан. Харин сонгодог урлагаас зан төлөвшлийн хувьд олон сайхан чанарыг сурч байна. Тэсвэр тэвчээр, уран бүтээлч, бүжгэн жүжигчин байхын утга учрыг урлаг надад ойлгууллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин