Хэл бол дотор эрхтэний толь юм. Тиймээс та өглөө босоод хэлээ заавал ажиглаарай. Таны хэл хуурай эсвэл чийглэг байна уу, хэлний өнгө ямар байна, таны хэлний өнгөр зузаан байна уу, хэлний хэлбэр ямар байна, улаан өнгийн цэг, толбо гарсан байна уу, таны хэлнээс цус шүүрдэг үү. Хэл хэт том эсвэл жижиг байна уу, таны хэлний доод талын хоёр хөх судас нарийн эсвэл бүдүүн байна уу гэдгээр эрүүл мэндээ мэдэж болно. Бие махбодь эрүүл хэвийн үед хүний хэл цайвар ягаан өнгөтэй, бага зэрэг нимгэн цагаан өнгөртэй, чийглэг, хөдөлгөөн сайн, хэлээ гаргахад чичирч таталдахгүй, хагарч цуураагүй, хавагнаж хөө­гөөгүй, шүдний оромгүй, ямар нэг эмгэг ургацаг байхгүй, хөхлөгүүд томорч улайгаагүй байна. Мөн хэл яриа тод, амтлах мэдрэмж сайн байдаг. Та өглөө босоод хэлээ ажиглан аль эрхтэнд ямар эмгэг өөрчлөлт гарсныг мэдэж болно. Хэл нь хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг бүхэлд нь илэрхийлдэг. Тухайлбал, хэлний өнгө бие мах­бодийн ерөнхий дархлаа, хий цусны эргэлт, тамир тэнхээг илтгэнэ. Харин хэлний өнгөр нь хоолны шингэц ямар байгаа болон ходоод, бөөрний халуун, хүйтний хямралыг илэрхийлдэг бол хэлний чийгшил нь биеийн шингэний зохицуулга ямар байгааг харуулна. Хэлний хөдөл­гөөн биеийн тамир хүч, мэдрэлийн үйл ажиллагаа ямар байгааг илэрхийлдэг бол хэл хатаж, хуу­райшиж, хагарах нь хоол тэжээлийн доройтол, ходоод, бөөрөнд халуун хордлого байгааг харуулах ба сэтгэл санаа, зүрх судасны архаг эмгэгтэй гэсэн үг. Мөн хэлний дор байдаг судас харлаж, нарийсвал цусны эргэлтийн зогсонгишлыг илтгэдэг. Хэрэв таны хэлэнд ямар нэг эмгэг өөрчлөлт байвал бидэнд хандаж зөвлөгөө аваарай.

Эх сурвалж: “ зууны мэдээ” сонин